
О.Дөлгөөн
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани Өмнөговь аймаг дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн LF-01-ээс LF-07 хүртэлх бүх туршилтын цооногууд дээрээ туршилтын цооногуудаас хий ялгарч эхэлснийг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) албан ёсоор хүлээн авч баталгаажуулсан байна. Энэхүү баталгаажуулалт нь Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн дагуу уг төслийг хайгуулын шатнаас үнэлгээний шатанд шилжүүлж, цаашлаад арилжааны чиглэлээр ашиглах, нөөц бүртгүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
“Гурвантэс XXXV” төсөл нь Монголын Өмнөговь аймагт 8400 квадрат километр талбайг хамардаг. Төслийн 60 квадрат километр талбайд бие даасан баталгаажуулалтаар 1.2 триллион шоо фут (Tcf) боломжит нөөц (2C) тогтоогдоод байгаа бөгөөд нийт талбайн хэмжээнд цаашид 5.3 триллион шоо фут таамаг нөөцтэй гэж үнэлэгдэж байна. Энэ нь үнэлгээний шатанд байгаа төслийн хувьд асар том хийн нөөцийн боломж юм.
Энэ сарын эхээр гаргасан мэдээллээр TMK-ийн 10 сарын хоногийн дундаж олборлолт 950 шоо метрт хүрчээ. Компанийн мэдээлснээр хий идэвхтэй ялгарч байгаа бөгөөд цаашдын үйлдвэрлэлийн уртасгасан туршилтын (EPT) шатанд төлөвлөсөн түвшин рүү дөхөж байна.
Баталгаажсан мэдэгдлийн дагуу TMK одоо АМГТГ-тай 2027 оны үнэлгээний хөтөлбөрийг тохиролцон хүргүүлэхэд 90 хоногийн хугацаатай бөгөөд ирэх саруудад багтаан хүргүүлнэ гэж тооцоолж байна. Хөтөлбөр батлагдсанаар туршилтын олборлолт албан ёсоор эхэлнэ.
Хөтөлбөр батлагдсаны дараа хамгийн багадаа 180 хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн уртасгасан туршилтын үе шат эхэлнэ. Энэ шатанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр анхны нөөцийг батлуулж, орд ашиглалтын төлөвлөгөө боловсруулан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байна.
Энэ хооронд TMK компани 2026 оны ажлын хөтөлбөрөө үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоо байгаа туршилтын цооногуудыг дахин боловсруулж олборлолтыг нэмэгдүүлэх, дараа нь шинээр үйлдвэрлэлийн цооног өрөмдөхөөр төлөвлөж байна. Монгол Улсад уламжлалт бус газрын тосны тусгай зөвшөөрлийг 30 хүртэлх жилийн хугацаагаар огодог бөгөөд хугацааг 5 жилээр сунгаж болдог.