Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

БАЯЛГИЙН САН НЬ ТӨСВИЙН ДАРАМТЫГ ДАРАХ САНХҮҮГИЙН НӨӨЦ БИШ

О.Дөлгөөн


Одоо ашиглаж буй баялгаасаа хойч үедээ үлдээж чадах уу. Монгол Улс "Чингис хаан Үндэсний баялгийн сан” (ҮБС)-г байгуулснаар энэ асуултад институцийн түвшинд хариулт өгөх эхлэлийг тавьсан. Гэвч сангийн хөрөнгө нэмэгдэхийн зэрэгцээ Төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын ногдол ашиг болон сангийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд зарцуулж байгаа нь баялгийн сангийн хуримтлалын үндсэн зорилгод хэр нийцэж байна вэ гэсэн асуулт урган гарч байна.

САНГУУДЫН ДАНС ЗУЗААРСАН УУ?

Өнгөрөгч оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв сангийн хадгаламжийн дансны үлдэгдэл 1,336 сая ам.доллар буюу 4,762.6 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны 1,162 сая ам.доллар (3,974.5 тэрбум төгрөг)-тэй харьцуулахад ойролцоогоор 15%-иар өссөн байна.

Харин энэ оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар уул уурхайн компаниудын төлж буй АМНАТ-өөс тус санд төвлөрүүлсэн эх үүсвэр 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэсэн хэдий ч Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар АМНАТ-ийн тогтмол хувийг санд бүрэн төвлөрүүлэхээр заасан ч дагаж мөрдөх журмын хуулиар уг хувь хэмжээг 2024 онд 20%, 2025 онд 40% болгон үе шаттайгаар бууруулжээ. Үүний улмаас сангийн орлого 2024 онд 45%-иар, 2025 онд 25%-иар тус тус багасч, хуримтлагдах баялгийн суурь хэмжээ бодитоор хумигдсан байна.

2030 он хүртэл уг сангийн хөрөнгийг Монголбанкаар дамжуулан удирдаж байгаа бөгөөд 2025 оны байдлаар гадаад валютын хадгаламжийн хүү 3.78%-тай байна. Сангийн хөрөнгө валютаараа 15%-иар өссөн нь өндөр өсөлт мэт боловч үүнийг хаана байршуулж, хэрхэн өсгөж байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад чанарын хувьд чамлахуйц байна. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн хувьд хууль тогтоомж болон бодлогын хүрээнд АА болон түүнээс дээш зээлжих зэрэглэлтэй Засгийн газрын үнэт цаас, олон улсын санхүүгийн байгууллагын бонд, биржээр арилжаалагдсан сан (ETF) зэрэгт хөрөнгө оруулах эрх зүйн боломжтой юм.

Иймд хуульд заасны дагуу хөрөнгийн удирдлагыг олон улсын мэргэшсэн байгууллагаар үндсэн гэрээний хүрээнд гүйцэтгүүлэх шаардлагатай байна.

ТӨСӨВТ ДАРАМТ УЧРУУЛЖ БУЙ ХУРИМТЛАЛЫН САН

Хуулиар сангийн хөрөнгийн захиран зарцуулалтыг 2030 он хүртэл тодорхой хязгаарласан ч энэ нь түр зуурын шинжтэй бөгөөд хууль тогтоомжид өөрчлөлт орох эрсдэлтэй хэвээр байна. Үүний бодит жишээ нь Хуримтлалын сангийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй орон сууцны зээлд байршуулж буй явдал юм.

Сангийн 2024 онд хуримтлагдсан 495.6 тэрбум төгрөгөөс 480.2 тэрбум буюу сангийн хөрөнгийн 96.8%-ийг, 2025 онд хуримтлагдсан 484.2 тэрбум төгрөгөөс 462.3 тэрбум төгрөг буюу сангийн хөрөнгийн 95.5%-ийг мөн л ипотекийн зээлийн санхүүжилт рүү татсан байна.

Хууль ёсоор сангийн өгөөж бодлогын хүүгээс багагүй байх ёстой ч одоогийн ипотекийн бондын өгөөж ердөө 2% байгаа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн "бодлогын хүүгээс багагүй байх" шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс үүдэн гарч буй хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлж байгаа нь 2024 онд 35.5 тэрбум төгрөг, 2025 онд 43.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дарамтыг үүсгэжээ. 30 жилийн хугацаатай ийм бүтээгдэхүүнд хөрөнгө төвлөрүүлэх нь урт хугацаандаа төсвийн урсгал зардалд хүндхэн ачаа болох нь илт.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн охин болон хараат компаниудын олборлох салбарын төрийн өмчит хуулийн этгээдүүдийн 34 хүртэлх хувийн ногдол ашгаас Хуримтлалын сангийн гол эх үүсвэрийг бүрдүүлдэг. Үүнийг стратегийн ордуудын АМНАТ болон цацраг идэвхт ашигт малтмалын АМНАТ-өөр нэмэгдүүлэхээр хуульчилсан.

Тухайлбал, 2025 оны 1 дүгээр сард хэрэгжиж эхэлсэн "Зөөвч овоо" уран олборлох төслийн хүрээнд төрийн эзэмшлийн 34%-ийн хувьцааг шууд мөнгөн хэлбэрээр төвлөрүүлэх бус, 0-5%-ийн АМНАТ болон 10%-ийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж шийдвэрлэжээ.

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэх асуудлыг УИХ-д оруулаад буй. Үүнтэй холбогдуулан уг ногдол ашгийг хэрхэн, юунд зарцуулах талаар Сангийн сайд 3.Мэндсайхан "2027 онд авах 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн 1 их наяд төгрөгийг иргэдийн Хуримтлалын сан дахь нэрийн дансанд байршуулна. Хоёр их наяд төгрөгөөр төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлнэ. Үүнд ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулна." хэмээв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын одоогийн төлөвлөгөө хэрэгжсэн тохиолдолд Оюу толгойн ногдол ашгаас Хуримтлалын сан дансаа 1 их наяд төгрөгөөр арвижуулахаар харагдаж байна.

Үндэсний баялгийн сангийн нөхцөл байдал:

Эх сурвалж: “Чингис хаан Үндэсний баялгийн сан “ ХХК, Боломж ба шийдэл судалгааны эмхэтгэл

ХӨРӨНГӨ ТӨВЛӨРӨӨГҮЙ ХӨГЖЛИЙН САН

Чингис хаан Үндэсний баялгийн сангийн 3 төрөлжсөн сангаас Хөгжлийн санд өнөөг хүртэл хөрөнгө төвлөрөөгүй байна. Хуулиар тус сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх чиг үүргийг Сангийн яаманд даалгасан боловч хөрөнгө удирдлагын бодлого одоо хэр батлагдаагүй байна.

Харин сангийн эх үүсвэрийг хуулиар тодорхойлсон ч тогтмол орлогын эх үүсвэр бус, тодорхой нөхцөл биелсэн үед бүрдэхээр зохицуулжээ. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарч, гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс давсан тохиолдолд нэмэгдэж орох төсвийн орлогын 50%-ийг Хөгжлийн санд төвлөрүүлэхээр хуульд заасан байна.

Ингэснээр Хөгжлийн сангийн хөрөнгийн хэмжээ нь уул уурхайн үнийн мөчлөг, төсвийн тэнцэлтэй шууд уялдах бүтэцтэй болж байна. Өөрөөр хэлбэл, ашигтай төсөв болон эрдэс баялгийн үнийн таатай нөхцөл бүрдээгүй үед тус санд тогтмол хөрөнгө төвлөрөх баталгаа хуулиар үүсэхгүй гэсэн үг.

ХУРИМТЛУУЛАХААС ГАДНА УДИРДАХ НЬ ЧУХАЛ

Одоогоор эрх зүй, мэдээллийн суурь боломжууд бүрдэж эхэлснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Стратегийн болон үүсмэл ордын эзэмшигчдийн санхүү, татвар, үйлдвэрлэл, нөөц, олборлолт, төрийн эзэмшлийг тусгай АМНАТ-өөр орлуулах тооцоолол хийх, төслийн нийт үр ашиг, эрсдэл-өгөөжийн харьцааг цогцоор нь үнэлэх зэрэг 26 төрлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдсэн байна. Ингэснээр төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компани хоорондын хэлэлцээг нягт тооцоолол, бодит баримтад суурилсан түвшинд гаргах чухал суурь болох нь гарцаагүй.

Мөн өөрийн гэсэн зорилго, хөрвөх чадвар, эрсдэлийн үнэлгээний онцлогтой дээрх 3 сангийн үйл ажиллагааг 2025-2030 оны замын зураглалаар системтэй ялган тодорхойлжээ. 

Хөрөнгийг эхний ээлжид найдвартай, хөрвөх чадвартай хэрэгслээс эхлүүлж, цаашид олон улсын бонд, хувьцаа (ETF) зэрэг төрөлжсөн хөрөнгийн ангилалд үе шаттай шилжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь хөрөнгийг нэг газар, тухайлбал, богино хугацаат хадгаламж эсвэл бага өгөөжтэй ипотекийн бондод бүхлээр нь түгжих эрсдэлээс сэргийлэх зөв чиглэл юм. Сангийн хөрөнгө өсөхийн хэрээр дотоодын чадавхи бэхжихийн зэрэгцээ олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийг хослуулах санал дэвшүүлсэн нь Монголбанкны дан хадгаламжийн хязгаарлагдмал байдлаас гарах, дэлхийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээж өгч буйгаараа ач холбогдолтой.

Өнөөдөр Монголд сангийн бүтэц бий болсон ч энэ институцийн эдийн засгийн сахилга бат бүрэн тогтсон гэж хэлэхэд эрт байна. Нэг талаас хуримтлал бий болгож, хөрөнгийг өсгөх зорилго тавьж байгаа ч нөгөө талаас хуримтлагдсан хөрөнгөөрөө нийгмийн болон төсвийн өнөөгийн асуудлыг шийдэх хандлага зэрэгцэн оршиж байна. Энэ зөрчил цаашид арилахгүй бол Баялгийн сан нь төсвөөс тусдаа урт хугацааны хөрөнгө оруулалтын механизм бус, төсвийн дарамт нэмэгдэх үед ашиглах санхүүгийн нөөц болон хувирах эрсдэлтэй.

Үүнээс гадна баялгийн сангийн дараагийн сорилт нь мөнгө хуримтлуулах бус, мөнгийг мэргэжлийн түвшинд удирдах асуудал юм. Манай улсын хувьд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулах боломж бий болсон ч хөрөнгийн удирдлагын өгөөж, эрсдэлийн хуваарилалт, хөрвөх чадвар, олон улсын зах зээлд өрсөлдөх чадавх хангалтгүй хэвээр байвал хуримтлал өөрөө баялаг бүтээх механизм болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, баялгийн сангийн амжилтыг "хэдийг хадгалсан"-аар бус, "хадгалсан хөрөнгөө хэр ухаалгаар өсгөсөн"-өөр дараачийн он жилүүдэд хэмжих болов уу.