
Т.Бямбанаран
Хятадын төмрийн хүдрийн эрэлт цаашид хэрхэх талаар болгоомжлол нэмэгдсэн нь зах зээлд дарамт учруулж, төмрийн хүдрийн үнэ Мягмар гарагт /2026.10.27/ сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрч буурлаа.
Хятадын Далянийн түүхий эдийн бирж (DCE)-д хамгийн идэвхтэй арилжаалагдаж буй төмрийн хүдрийн фьючерсийн гэрээ өдрийн арилжаа хаагдахад 0.9 хувиар буурч, тонн нь 99.55 ам.долларт хүрэв.
“Гангийн эрэлт улирлын нөлөөгөөр суларч, ашигт ажиллагааны түвшин удаан хугацаанд доогуур хэвээр байгаа билээ. Энэ нь ширэмний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж буй юм. Үүний зэрэгцээ төмрийн хүдрийн нийлүүлэлт дөрөвдүгээр улиралд нэмэгдэх төлөвтэй байгаа. Ийнхүү төмрийн хүдрийн үнэ буурахад хүрч байна” хэмээн “Horizon Insights” судалгааны байгууллагын шинжээч Жян Мэнтянь тайлбарлав.
Ширэмний үйлдвэрлэлийн хэмжээ бол төмрийн хүдрийн эрэлтийг илтгэх гол үзүүлэлтүүдийн нэг юм. Хойд бүс нутгуудад агаарын температур буурч, гадаа барилгын ажил саардаг тул гангийн хэрэглээ дөрөвдүгээр улиралд ерөнхийдөө багасдаг.
Боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц өндөр, нийлүүлэлт цаашид нэмэгдэх хүлээлттэй байгаа энэ үед гангийн үйлдвэрүүд түүхий эдийн нөөц бүрдүүлэхдээ болгоомжтой хандаж байна. Үүний улмаас ган үйлдвэрлэлийн хэмжээ түүхий эдийн зах зээлд ч нөлөөлж эхэлжээ.
2026 оны төмрийн хүдрийн жилийн дундаж таамгийг өмнө нь тонн тутамд 99 ам.доллар байхаар тооцож байсан бол 95 ам.доллар болгон бууруулжээ. Уул уурхайн томоохон компаниуд үйлдвэрлэлийн түвшнээ хадгалахыг зорьж байгаа тул тэдгээрийн ихэнх нь төмрийн хүдрийн тээвэрлэлт, олборлолтын хэмжээг нэмэгдүүлж байна.
Ган үйлдвэрлэхэд ашигладаг бусад түүхий эд болох коксжих нүүрс болон коксын үнэ арилжааны эхэн үед буурсан ч дараа нь сэргэж, 0.86 хувь болон 0.44 хувиар тус тус өссөн аж.
Харин Шанхайн Фьючерсийн бирж (SHFE)-д арилжаалагдаж буй гангийн үндсэн бүтээгдэхүүний фьючерсийн үнэ буурлаа. Арматурын гангийн үнэ 0.03 хувиар бага зэрэг багассан бол халуун цувимал ган ороомгийн үнэ 0.63 хувь, төмөр утасны үнэ 1.89 хувь, зэвэрдэггүй гангийн үнэ 1.33 хувиар тус тус буурсан байна.
Эх сурвалж: mining.com