Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Гашуунсухайт боомтын нэвтрэлт саарснаар нүүрс, зэсийн баяжмалын экспорт буурч эхэллээ

Б.Төгс

Монголын экспортын гол суваг болсон Гашуунсухайт боомтын нэвтрэлт буурч, Тавантолгойн нүүрс, Оюу толгойн баяжмалын экспортод мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Оюу толгойн баяжмалын экспорт энэ сарын дундаас эхлэн саарсан бол нүүрсний экспортын тухайд сарын эхний хагасаас удаашрах болжээ.

Нүүрсний экспортын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд он гарсаар өнөөдрийн байдлаар боомтын хэмжээнд 39 сая тонн нүүрс экспортлоод байна. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд, Ханги боомтын нэвтрэлтийг сайжруулах нь чухал байна. Одоогийн байдлаар Эрдэнэс Тавантолгойн нийт экспортын 20%-ийг Ханги боомтоор гаргаж байна. Үүнийг цаашид 50%-д хүргэх талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцлаа. Өнгөрсөн долдугаар сард гэхэд манай компани 3 сая тонн нүүрс гаргаж байсан бол одоогийн байдлаар 1.9 сая тонн болсон байна. Үүний гол шалтгаан нь наймдугаар сарын 12-ноос Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбоотой татан авалтыг багасгасан. Хилийн бүсэд 16 га талбайд терминалын өргөтгөл хийх гэж байгаа юм. Татан авалт буурснаар төсвийн орлого талд эрсдэл үүсэхгүй. Учир нь төсөвт төвлөрүүлэх орлогын хувьд хэдийнэ давчихсан. Нөгөөтэйгүүр нүүрсний үнэ тавдугаар сарын байдлаар тонн тутамд 133 ам.доллар байсан бол одоо 205 ам.доллар хүртэл өссөн" гэв.

Ийнхүү Гашуунсухайт боомт дээр өргөтгөл шинэчлэлт хийж буйтай холбоотойгоор татан авалтын сааралт үргэлжилж болзошгүй байна. Гашуунсухайт боомтын Хятад талд он дуустал шинэчлэлийн ажил үргэлжлэхээр байгаа ажээ. Хэдийгээр нүүрс, зэсийн баяжмалын экспортын энэ жилийн зорилт давж биелээд байгаа ч, ийнхүү ерөнхий экспортын эрчим сулрах нь гарцаагүй болж ирж байна.