Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ордуудын насжилт нэмэгдэхийн хэрээр критикал минералыг олборлоход улам хүнд болж байна

Т.Бямбанаран

Ордуудын насжилт нэмэгдэж, хүдрийн агуулга буурч, олборлолтын үйл ажиллагаа улам нарийн төвөгтэй болж байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн түвшнийг тогтвортой хадгалахад хүндрэл учруулж байна. Энэ тухай аудит, зөвлөх үйлчилгээний “EY” (Ernst & Young) компанийн шинэ тайланд дурджээ.

Уул уурхай, металлургийн салбарын 2027 оны бизнесийн гол 10 эрсдэл:

Тус компаниас эрхлэн гаргасан “Уул уурхай, металлургийн салбарын 2027 оны бизнесийн гол 10 эрсдэл ба боломж” (Top 10 Business Risks and Opportunities in Mining and Metals) тайланд 2027 онд уг салбарт тулгарах хамгийн том эрсдэл нь үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал хэмээн дүгнэжээ. Үүний дараа хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хүртээмж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, зардлын өсөлт болон геополитикийн нөхцөл байдлыг эрэмбэлсэн байна. Тус тайланг гаргахдаа дэлхийн уул уурхай, металлургийн салбарын удирдах түвшний 400 албан тушаалтныг хамруулсан судалгаанд үндэслэжээ.

“EY” компанийн Уул уурхай, металлургийн салбар хариуцсан удирдагч Пол Митчелл мэдэгдэлдээ, “Уул уурхай нь үргэлж нарийн төвөгтэй салбар байсаар ирсэн. Гэвч уурхайнуудын насжилт нэмэгдэж, нөөц нь шавхагдахын зэрэгцээ шинээр ашиглалтад орох ордуудыг олборлох, боловсруулахад улам хүндрэлтэй болж байгаа. Ийнхүү үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал улам бүр нэмэгдэж байна” гэжээ.

Ашигт малтмалын салбарт үүсээд буй эдгээр сорилт нь критикал минералын хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь улс орнууд чухал ашигт малтмалыг аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай нөөц хэмээн үзэх болсон. Үйлдвэрлэгчид шавхагдаж буй нөөцийг нөхөхийн зэрэгцээ олборлолтын нөхцөл улам хүндрэх, санхүүжилтийн боломж хязгаарлагдах, төрийн бодлого өөрчлөгдөх зэрэг сорилттой нүүр тулж байна.

Эх сурвалж: mining.com