
О.Дөлгөөн
Aspire Mining Limited (ASX: AKM) компани Овоотын коксжих нүүрсний төслийн (OCCP) 2026 оны III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани хөрөнгийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, үе шаттайгаар хөгжүүлэх шинэчилсэн стратегийг тусгасан Нүүрсний нөөцийн үнэлгээгээ танилцуулснаас гадна Монголын Биржийн бус зах зээлд (OTC) "Овоот Бонд" (Ovoot Bond) -ыг гаргаж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн (CHPP) талбайн бэлтгэл ажлыг амжилттай эхлүүлээд байна.
JORC (2012) стандартын дагуу Glogex Consulting LLC-ийн боловсруулсан нөөцийн үнэлгээгээр төслийн нийт нүүрсний нөөц 130.1 сая тонн (76.8 сая тонн бодитой, 53.3 сая тонн боломжит), үүнээс Борлуулах болон ашиглах боломжтой нөөц 97.9 сая тонн болохыг дахин баталгаажуулжээ.
Төслийн зардлын шинэчилсэн загварт CCTEG-IEC компанитай байгуулсан 69.9 сая ам.долларын EPC гэрээний дагуух НБҮ болон Эрхэтийн нүүрс ачих дэд бүтцийн төлбөрийн хуваарь, уул уурхайн үндсэн техникийг эхний 3 жилд түрээслэх, авто замын тээврийг эхний 5 жилд гэрээгээр гүйцэтгүүлэх зэрэг бага зардлаар үе шаттай эхлүүлэх стратегийг тусгажээ. Энэхүү шинэчлэлээр I шатны үйлдвэрлэлийн өмнөх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зардлыг 61.2 сая ам.доллар байхаар төлөвлөсөн байна. Коксжих нүүрсний урт хугацааны таамагласан үнийг БНХАУ-ын Эрээн хотод хүргэх нөхцөлөөр 230 ам.доллар/тонн гэж тооцоход төслийн татварын дараах өнөөгийн цэвэр үнэ цэнэ (NPV10) 1.48 тэрбум ам.доллар, ашигт ажиллагааны дотоод өгөөж (IRR) 60 орчим хувь байх эдийн засгийн өндөр өгөөжийн таамаглал гарчээ.
"Овоот Бонд" хөтөлбөрөөр одоогоор 11.2 сая ам.доллар татан төвлөрүүлээд байна
Төслийг хэрэгжүүлэгч компани болох Хургатай Хайрхан ХХК нь 60.0 сая ам.доллар хүртэлх "Овоот Бонд" хөтөлбөрийг Монголын Үнэт цаасны арилжаалагчдын холбооны Бүртгэлийн хороогоор зөвшөөрүүлж, Монголбанкны зөвшөөрлийн дагуу ам.доллароор арилжаалж эхэлсэн.
Гүйцэтгэгч CCTEG-IEC компанийн Монгол дахь үндсэн туслан гүйцэтгэгч "Gobi Infrastracture Partners" ХХК (GIP) НБҮ-ийн талбайд байршиж, бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад оруулан, ажилчдын кемп барих болон инерт материал татан авах ажлыг гүйцэтгэж байна. НБҮ-ийн нарийвчилсан зураг төсөл 85%-ийн шатанд хүрч, геотехникийн судалгаа бүрэн хийгдсэний үндсэнд Барилгын хөгжлийн төвийн магадлалыг амжилттай давж, Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авчээ.