Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төв Азийн эрчим хүчний систем сорилттой тулгарч байна

Ч.Сансар


Энэ өвөл Төв Азийн орнууд дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангаж чадах эсэх нь тодорхойгүй болж байна. Ялангуяа Киргизстаны нөхцөл байдал нилээн хүндэрсэн. Тус улсад хүйтний улирал эрт эхэлснээр сүүлийн хоногуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгджээ.

10 дугаар сарын 29-нд 24.kg мэдээллийн агентлаг Төв Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ энэ өвөл доголдох эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Евразийн хөгжлийн банк (ЕХБ)-наас 2024 онд хийсэн судалгаанд эрчим хүчний сүлжээ байнга хэт ачаалалтай ажиллаж, ачаалал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 105–123%-д хүрч байсныг дурджээ.

24.kg-ийн мэдээлснээр, Казахстан–Киргизстан, Узбекистан–Киргизстаны эрчим хүчний холболт болон бүс нутгийн эрчим хүчний системийн бусад томоохон хэсэгт асуудал илэрчээ.

ЕХБ-ны судалгаагаар, бүс нутгийн гол асуудал нь цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалд бус, харин хамгийн их эрэлттэй үед цахилгаан нийлүүлж чадах эсэхэд оршиж байна.

Эрчим хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд Киргизстаны Засгийн газар арга хэмжээ авч эхэлжээ. Тус улсын Эрчим хүчний сайд Алтынбек Рысбеков аравдугаар сарын 28-нд Ташкент хотноо Узбекистаны Эрчим хүчний сайд Шерзод Хожаевтай уулзаж, энэ өвөл цахилгаан эрчим хүчийг тогтвортой нийлүүлэх талаар хэлэлцсэн байна.

Киргизстаны Ерөнхийлөгч Садир Жапаров тус улсын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэх хүртэл эрчим хүч ихээр хэрэглэдэг криптовалют олборлолтын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр Super.kg сайтад өгсөн ярилцлагадаа “Бид усан цахилгаан станцуудыг барьж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасны дараа л зөвшөөрөл олгоно” гэжээ. Криптовалют олборлох бизнесүүд өндөр татвар төлдөг ч одоогоор уг бизнесийг дэмжих хангалттай эрчим хүч байхгүйг онцолсон байна.

Эх сурвалж: Oilprice