
О.Дөлгөөн
ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засварын ажил дуусаж, Украины дрон халдлага буурснаар түлшний цочмог хямрал намжиж эхэллээ. Үүний дүнд Крым болон Севастополь зэрэг шатахууны хомсдол хамгийн хүнд байсан 15 бүс нутагт бензиний худалдааны хязгаарлалтыг цуцалж, борлуулалт сэргэсэн байна.
Дроны халдлага буурахад АНУ-ын зүгээс Киевт довтолгоогоо зогсоох шахалт үзүүлсэн нь голлон нөлөөлжээ. Улмаар 8-р сард 22 удаа, 9-р сард 16 удаа гарч байсан халдлагын тоо 10-р сард 6 болж эрс буурсан байна. Оросын Засгийн газраас дизель түлшний гарц хангалттай байгаа тул экспортын хоригоо хэсэгчлэн цуцалсан ч бензиний дотоодын хомсдол хэвээр байгаа юм. Оросын тал 10-аас 12-р сарын хооронд бензиний хэрэгцээнийхээ 16-аас 18 хувийг импортоор хангахаар төлөвлөж байна. Импортын өндөр өртөгтэй түлшийг алдагдалтай борлуулж байгаа тул ирэх саруудад шатахуун түгээх станцуудын бензиний үнэ жилд 11 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй байна.
Эрх баригчид салбарын бодит хохирлыг нууцлах үүднээс үйлдвэрлэлийн гарц болон биржийн борлуулалтын статистикийг нийтлэхийг хоригложээ.
Түр зогсоод байсан цохилтууд дахин сэргэж, Москвагаас 250 км-т орших жилд 15 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай "Славнефть-ЯНОС" үйлдвэр рүү Украинаас 124 дроноор халдсаны улмаас гал гарч, дэд бүтэц нь сүйтэн, 2 ажилтан бэртсэн байна. Оросын тал орон даяар 800 гаруй дроныг устгаснаа мэдээлсэн бөгөөд энэ талаар Украины талаас хараахан тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters