Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Баянхөндийн алтны уурхай III улиралд 51 сая ам.долларын орлоготой ажиллав

О.Дөлгөөн


Торонто, Монгол болон АНУ-ын OTCQX биржид бүртгэлтэй  “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) компани  гуравдугаар улирлын санхүү болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд тус компани Mongolian Mining Corporation (MMC)-той хамтран эзэмшдэг Баянхөндийн алтны уурхайгаас 11,853 унц алт олборлон борлуулж, 51 сая ам.долларын орлого олсноор 9.6 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Гуравдугаар улиралд Баянхөндийн үйлдвэрийн бүтээмж өмнөх улирлаас 6 хувиар нэмэгдэж, металл авалт 96 хувьтай байв. Улирлын хэмжээнд өдөрт дунджаар 1,788 тонн буюу нийт 164 мянган тонн хүдэр боловсруулснаас алтны дундаж агуулга 2.3 г/т байв. Түүнчлэн 30 сая ам.долларын төслийн өрийг буцаан төлснөөр улирлын эцэст 19 сая ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй, 93 сая ам.долларын өртэй үлдэж байна.

34 жил үргэлжлэх Зуун Мод төслийн Урьдчилсан эдийн засгийн тооцоолол гарав

Тус компани 10-р сарын дундуур Азийн хараахан хөгжөөгүй хамгийн том молибдены ордуудын нэг болох Зүүн Модны молибден-зэсийн порфирын төслийн Урьдчилсан эдийн засгийн үнэлгээг (PEA) танилцуулсан юм. Судалгаагаар уурхай нь 34 жил үргэлжлэх бөгөөд 305 мянган тонн молибден, 430 мянган тонн зэс олборлохоор тооцоолжээ. Анхны хөрөнгө оруулалтад 687 сая ам.доллар шаардагдах бөгөөд металлын урт хугацааны үнийн төсөөллөөр (молибден 25.00 ам.доллар/фунт, зэс 5.00 ам.доллар/фунт) татварын дараах Цэвэр өнөөгийн үнэ цэнэ (NPV8%) нь 745 сая ам.доллар, Дотоод ашгийн хувь (IRR) нь 16.1% байхаар байна. Харин одоогийн спот ханшаар тооцоход татварын дараах NPV8% нь 2.0 тэрбум ам.доллар, IRR нь 27.8%-д хүрэхээр байна.Одоогоор гадаргуутай ойр эрдэсжилтийг баталгаажуулах өрөмдлөг болон гүний 3D геофизикийн судалгаа хийгдэж байна.

Хөндий эрдсийн дүүргийн хэмжээнд нийт 16,500 метрийн өрөмдлөг болон гүний геофизикийн судалгааг эхлүүлээд байна. Үүнд Баянхөндийн ил уурхайн баруун бүсийг тэлэх 9,000 метр, Хар Морь болон Алтан сум ордуудын исэлдсэн алтны нөөцийг тогтоох 3,000 метр, Зуун Мод болон Хөвийн Хар зэсийн бүсэд 4,500 метрийн өрөмдлөгийг тус тус хийж байна. Quantec Geoscience-ийн гүний геофизикийн судалгааны үр дүн 2027 оны 1-р улиралд гарахаар хүлээгдэж байна.

Эдгээрээс гадна тус компани хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийнхөө (NCIB) хүрээнд мөн улиралд нэгж хувьцааг дунджаар 5.57 канад доллараар нийт 130,300 хувьцааг буцаан худалдан авч, цуцалжээ.