
Ч.Сансар
АНУ, Туркменистаны албаны хүмүүс арваннэгдүгээр сарын 3-нд Ашхабад хотноо болсон жил тутмын уулзалтаар эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх, Каспийн тэнгис дамнасан тээврийн замуудыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв. АНУ-ын Төрийн департаментын Өмнөд болон Төв Азийн асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн дарга С. Пол Капур Туркменистаны Үндэсний удирдагч Гурбангулы Бердымухамедов болон Гадаад хэргийн сайд Рашид Мередов нартай уулзжээ. Хоёр тал худалдаа, эрчим хүч, тээврийн салбарт хамтран ажиллах боломж байгааг онцолж, хоёр улсын харилцааг өндөр үнэлсэн байна.
Хэлэлцээний гол сэдвийн нэг нь Туркменистаны байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх асуудал байсан. Тус улс Каспийн тэнгисээр дамжуулан баруун чиглэлд байгалийн хий нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, эрчим хүчний дэд бүтцээ шинэчлэхэд АНУ-аас тусламж, хөрөнгө оруулалт хүссэн. Харин Вашингтон Европ руу хий нийлүүлэхээр төлөвлөж буй Каспийн тэнгис дамнасан хийн хоолойн төсөлд Туркменистаныг оролцуулах сонирхолтой байгаа юм.
Турк улс ч Туркменистаны байгалийн хийг Европт хүргэх шинэ тээврийн чиглэл хөгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Мөн талууд Афганистанаар дамжуулан Туркменистаны хийг Пакистан, Энэтхэгт нийлүүлэх зорилготой TAPI хийн хоолойн төслийг хэлэлцжээ. Туркменистаны тал өөрийн хилээс Афганистаны баруун хэсгийн Херат хот хүртэлх хоолойн хэсгийг 2026 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн.
Тээврийн холболт болон Дунд коридорын хөгжил уулзалтын бас нэг чухал сэдэв байсан. Туркменистан төмөр замаа шинэчлэх, шинэ зүтгүүр худалдан авах, дэд бүтцээ сайжруулах, гаалийн үйл ажиллагааг цахимжуулах замаар бүс нутгийн тээврийн зангилаа төв болохыг зорьж байна. Ашхабад мөн Ираны эсрэг АНУ-аас тогтоосон хориг арга хэмжээг мөрдөж байгаагаа мэдэгдээд, ачаа тээврийг хөнгөвчлөх зорилгоор тээврийн журмаа олон улсын TIR системийн шаардлагад нийцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн Туркменистан Каспийн тэнгис дэх худалдааны усан флот, тэр дундаа газрын тос, байгалийн хий тээвэрлэх хөлөг болон чингэлэг тээврийн хөлөг онгоцны тоог нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт татахыг хүсэж байна.
Эрчим хүч, тээврийн салбараас гадна Туркменистан Америкийн компаниудтай бизнесийн харилцаагаа өргөжүүлж, боловсрол, шинжлэх ухааны туршлага солилцох ажлыг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Туркменистаны албаны хүмүүс хоёр улсын харилцааг эерэгээр үнэлж, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: eurasianet.org