
Киодо Ньюс | 2026 оны 11 дүгээр сарын 9
Ч.Сансар
ТОКИО – Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи болон Вьетнамын Ерөнхийлөгч То Лам нар Токио хотноо уулзаж, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал, эрчим хүчний аюулгүй байдал болон батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо.
Ерөнхий сайд Такаичи эдийн засгийн аюулгүй байдлыг хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл хэмээн онцолсон байна. Энэхүү уулзалт нь Япон улс нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын хувьд Хятадаас хараат байдлаа бууруулахыг зорьж буй үед болжээ.
Хамтарсан мэдэгдэлд талууд геополитикийн сорилтууд нэмэгдэж буйг тэмдэглээд батлан хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдал, хөрөнгө оруулалт болон эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлсэн байна.
Япон, Вьетнам улсууд Японы хөрөнгө оруулалтаар хэрэгжих шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон хийн түлшээр ажилладаг цахилгаан станцын төслүүдийг дэмжихээр тохиролцов. Мөн Вьетнамд цөмийн эрчим хүч нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна.
Талууд нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, түүхий эдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хамтарсан төслүүдийг судлахаар тохиролцжээ.
Удирдагчид мөн Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлын талаар санал солилцож, олон улсын эрх зүй болон усан замын чөлөөт хөдөлгөөний зарчмыг дэмжиж байгаагаа дахин нотолсон байна.
Япон улс өөрийн дэвшүүлсэн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс” үзэл баримтлалыг Вьетнам дэмжиж байгааг сайшаав. Харин Вьетнам энэхүү санаачилга нь бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулна гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Kyodo News