
Б.Төгс
Монгол Улсын Засгийн газраас 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг Оюу толгой компаниас төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Рио Тинто компаниас албан ёсоор байр сууриа захидлаар илэрхийлсэн байна. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниас ногдол ашиг олгох тухай захидлыг (2026.11.09-нд) хүлээн авсан тухайгаа өнөөдөр мэдээллээ.
Уг захидалд, Оюу толгой компанийн үйл ажиллагааг дэмжиж, хоёр талаас хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах, Монголын ард түмэнд өгөх өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллаж байгаад талархаж байгааг дурдсан байна. Энэ оны есдүгээр сард “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ногдол ашиг олгох асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2027 онд Оюу толгой компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Рио Тинто групп төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг төлөвлөсөн ногдол ашиг бол 2027 онд Оюу толгой компаниас Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, АМНАТ болон бусад хураамжаас тусдаа дүн болохыг бататгаж байгааг илэрхийлсэн байна. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд ногдол ашиг төвлөрүүлэхтэй холбоотой төлөвлөгөө гаргаад гурван үе шаттай төвлөрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж, удахгүй ажлын хэсэгт төлөвлөгөөгөө танилцуулахаа захидлаар дамжуулан уламжилжээ.
Ийнхүү Оюу толгой компани үнэхээр ногдол ашиг олгож чадах эсэхтэй холбоотой байр суурь албажиж, гагцхүү ногдол ашиг авах ажлын хэсэг болон компани хоорондын хэлэлцээрийн явцад ногдол ашиг олгох хугацааны товыг тогтох ажил үлдэж байна.