Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Luda Technology” Өмнөговийн 1.05 сая тонн эрчим хүчний нүүрсийг Хятадад нийлүүлэх гэрээ байгууллаа 

О.Дөлгөөн


Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Luda Technology Group” компани 1 сая 50 мянган тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурснаа АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC)-ийн EDGAR системд тайлагнажээ.

Гэрээний дагуу “Luda Technology”-ийн охин компани болох “Luda Development Limited” нь Хятадын “Shanghai Shouying Huifu Energy Development” компанид 1.05 сая тонн Монголын эрчим хүчний нүүрсийг 2026 оны 11 дүгээр сарын 2-ноос 2027 оны 11 дүгээр сарын 2-ныг хүртэл нэг жилийн хугацаанд хэсэгчлэн нийлүүлэх юм.

Харин энэхүү нүүрсийг манай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах "Их Говь" нүүрс угаах үйлдвэрээс татан авах бөгөөд нийлүүлэгч талын Монгол дахь түншээр “Source Profit Link Limited” компани ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, "Luda" нь Өмнөговийн угаах үйлдвэрээс нүүрс татан авч, Хятадын эрчим хүчний компанид нийлүүлэх "худалдааны зуучлагч"-ийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Захиалгын хэмжээ 1.5 сая тоннд ойртлоо

Энэхүү шинэ хэлцэл нь "Luda Technology"-ийн хувьд Монгол-Хятадын нүүрсний худалдаанд хийж буй анхны алхам биш юм. Тус компани өнгөрсөн 10 дугаар сарын 21-нд 440 мянган тонн нүүрс нийлүүлэх анхны гэрээгээ зарлаж байсан бөгөөд ийнхүү хоёр долоо хоногийн дотор нийт захиалгын хэмжээгээ 1.49 сая тонн-д хүргэж чадлаа.

"Luda" компанийн зүгээс нүүрсний чанарын лабораторийн шинжилгээ, жингийн хяналт, логистикийн зохицуулалт болон санхүүгийн тооцоо нийлэх системээ хэдийн бүрдүүлж эхэлсэн бөгөөд цаашид Монголоос Хятад руу хийх нүүрсний экспортын урсгалаа улам тэлэх зорилготой байгаагаа илэрхийлжээ.