Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Саусгоби Сэндс” компанид ТЕГ-аас 7.1 сая ам.долларын татварын торгууль ногдуулжээ 

О.Дөлгөөн


Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources Ltd.” компани Монгол Улс дахь татварын аудитын шалгалтын талаар мэдээллээ. Энэхүү мэдэгдлийг Хонконгийн Хөрөнгийн Биржийн Үнэт цаас бүртгэх журмын 13.09(2)(a)-р заалт болон тус улсын Үнэт цаас, фьючерсийн тухай хуулийн Дотоод мэдээллийн заалтын дагуу гаргасан байна.

Тодруулбал, тус компанийн Монгол Улс дахь охин компани болох “Саусгоби Сэндс” ХХК ("Southgobi Sands LLC") нь Монголын Татварын Ерөнхий Газраас 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албан мэдэгдэл хүлээн авжээ. Тус мэдэгдэлд ТЕГ-аас SGS компанийн 2022–2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн, үечилсэн татварын аудит хийж дуусгасныг дурдсан байна.

Аудитын үр дүнд шилжүүлэг үнийн бодлого, төлөгдөөгүй татварын өглөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбогдуулан “Саусгоби Сэндс” ХХК-д ойролцоогоор 7.1 сая ам.долларын татварын торгууль ногдуулжээ.

Монголын хууль тогтоомжийн дагуу тус компани нь уг мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Татварын маргаан таслах зөвлөлд захиргааны гомдол гаргах эрхтэй юм. Энэ хугацаанд тус компани Монгол Улс дахь хараат бус татварын зөвлөхтэй хамтран ажиллаж, зөвлөгөө авсан байна. Зөвлөлдөж, үнэлгээ хийсний эцэст Компанийн удирдлага мэдэгдлийн үр дүнг хүлээн зөвшөөрч, давж заалдах эсвэл захиргааны гомдол гаргахгүй байхаар шийдвэрлэжээ.

Компанийн зүгээс уг торгууль нь тэдний үйл ажиллагаанд өөр ямар нэгэн материаллаг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд цаашид шаардлагатай тохиолдолд холбогдох мэдээллийг цаг тухайд нь хүргэх ажээ.