Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ангол улс газрын тосны орлогоо эдийн засгаа төрөлжүүлэхэд ашиглана

Ч.Сансар

 

Ангол улс газрын тосноос хараат байдлаа бууруулах зорилгоор энэ жил огцом нэмэгдсэн газрын тосны орлогоо эдийн засгийн шинэчлэл, зам тээвэр, уул уурхай, банк, аялал жуулчлалын салбарт зориулж ашиглахаар төлөвлөж байгааг Citigroup мэдээлжээ.

"Ангол улсад эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд ажил эрчимтэй өрнөж байна. Улс төрийн байдал, эдийн засаг нь урт хугацаанд тогтвортой байгаа нь тус улсад гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх сонирхлыг нэмэгдүүлж байна" гэж Citigroup-ийн Африкийн зах зээлийг хариуцдаг удирдах ажилтан Грант Карсон ярьжээ.

Анголын нийслэл Луанда хотод болсон Африкийн Санхүүгийн Салбарын дээд хэмжээний уулзалтын үеэр Карсон хэлэхдээ, Засгийн газар нь газрын тосноос хэт хамааралтай эдийн засгаас татгалзах бодлого барьж байна гэжээ.

Анголын экспортын орлогын 90 орчим хувийг түүхий газрын тос бүрдүүлдэг. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх үйл явц эрчимжиж байгаа бөгөөд сүүлийн үед банк, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн хэлцэл хийгдсэн гэж Карсон хэлэв.

Мөн тус улс тээврийн сүлжээгээ өргөжүүлж байна. АНУ-ын дэмжлэгтэй байгуулж буй Лобито төмөр замын сүлжээ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) болон Замби улсын ашигт малтмал олборлодог бүс нутгуудыг Анголын Атлантын далайн эрэг дэх Лобито боомттой холбоно.

Анголын эдийн засаг дэлхийн газрын тосны үнийн хэлбэлзэлд ихээхэн өртөмтгий хэвээр байгааг Fitch Ratings өнгөрсөн долоо хоногт онцолжээ. Тус агентлаг Анголын урт хугацааны зээлжих зэрэглэлийг 'B-' түвшинд хэвээр үлдээж, төлөвийг нь "Тогтвортой" гэж үнэлсэн байна.

Ирэх нэг жилийн хугацаанд газрын тосны олборлолт өдөрт ойролцоогоор 1 сая баррель байх төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч газрын тосны салбар нь Засгийн газрын орлогын бараг 60%, экспортын 95%-ийг бүрдүүлж байгаа тул Ангол улс энэ салбараас ихээхэн хамааралтай хэвээр байгааг тус агентлаг анхааруулжээ. Иймээс газрын тосны олборлолт болон үнийн өөрчлөлт нь улсын төсвийн байдал, гадаад санхүүжилтийн нөхцөлд ихээхэн нөлөөлөх эрсдэлтэй байна.