
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, нийт 3000 метр кубын багтаамжтай агуулах өнөөдөр (2026.11.13) ашиглалтад орлоо. Тус бүр нь 1000 метр кубын багтаамжтай гурван савнаас бүрдэх энэхүү агуулахын нээлтэд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв оролцсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хэмжээнд 3–6 сарын хэрэглээний шатахууны нөөц бүрдүүлэхээр тусгасан бөгөөд энэ хүрээнд нийт 300 мянган метр кубын багтаамжтай агуулах, савыг шинээр барих болон өргөтгөх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Уг зорилтыг биелүүлэхийн тулд Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яам арилжааны банкуудтай хамтран аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих, өргөтгөх төслүүд хэрэгжиж байна.
Хадгалах савны хүчин чадал ийнхүү нэмэгдсэнээр импортын шатахууныг илүү их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг эрсдэлгүй даван туулах, улмаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуунаар тогтвортой хангах нөхцөл сайжирч байна хэмээн АҮЭБЯ-аас мэдээллээ.