Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Э.ЭНХДЭЛГЭР: ИРЭЭДҮЙН 30 ЖИЛДЭЭ БИД МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭГЧ "ТЕХНО-АЖ ҮЙЛДВЭРИЙН" КОМПАНИ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

CAT® брэндийн анхны техник Монголд 1993 онд орж ирж байжээ. Түүнээс хойших гурван арваны турш салбарынхаа хөгжлийг түүчээлж, техник технологи, мэдлэгийг цогцоор нь нутагшуулж ирсэн “Барловорлд Монголиа” компанийн түүхэн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Энхдэлгэртэй ярилцлаа. 


- Юуны өмнө танд болон танай хамт олонд “Барловорлд Монголиа” компани үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе! Ярилцлагаа компанийн түүхэн ой болон өнгөрсөн 30 жилийн замнал, Монголын уул уурхайн салбарын хөгжилтэй хэрхэн уялдаж ирсэн тухай яриагаар эхэлье? 

Баярлалаа. Манай компани анх “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба өдгөө CAT® брэндийн техник тоног төхөөрөмжийг албан ёсоор оруулж ирж байна. 1993 онд “Caterpillar”-ийн анхны техникүүд Монгол Улсад орж ирсэн байдаг. Тиймдээ ч 1993 оноос хойш Монгол Улсын “орчин үеийн” уул уурхайн салбарын жинхэнэ хөгжил эхэлсэн гэж би боддог. Яагаад гэвэл, түүнээс өмнө ихэвчлэн ЗХУ-ын үеийн техниктэй байлаа. 

Харин дэлхийн жишигт нийцсэн “Caterpillar”-ийн техник орж ирснээр нэг ширхэг техник л гэхэд хуучны Зөвлөлтийн 10 техниктэй дүйцэхүйц бүтээмж үзүүлж, ашигт үйлийн коэффициент даруй 10 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхай өнөөдөр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд хүрсэн нь яалт ч үгүй энэхүү өндөр бүтээмжтэй техник технологи нэвтэрсэнтэй салшгүй холбоотой. 

- Энэ хугацаанд салбарын эрэлт хэрэгцээ, харилцагчдын хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Эхэндээ технологийн сонголт болон хүртээмж харьцангуй хязгаарлагдмал байлаа. Барууны өндөр бүтээмжтэй “Caterpillar”-ийн техник асар өндөр өртөгтэй буюу санхүүгийн маш том хөрөнгө оруулалт шаарддаг байв. Тэр үед үүнийг ойлгож, зориг гаргаж хөрөнгө оруулах компаниуд ч цөөхөн байлаа. Гэсэн хэдий ч “МАК”, “Хишиг Арвин Индустриал”, “Улз Групп”, “Монполимет” зэрэг манай анхны түүхэн харилцагчид үнийн дарамтаас илүүтэйгээр чанар, дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн үйл ажиллагаа явуулахын чухлыг олж харсан. Тэд зориг шулуудан хөрөнгө оруулалт хийснийхээ үр шимийг хүртэж, өдгөө салбартаа тэргүүлэгч групп компаниуд болцгоосон байна. 

Техник тоног төхөөрөмж цаг үргэлж шинэчлэгдэж, найдвартай ажиллагаа сайжирч байгаа ч механик инженерчлэлийн хувьд хөгжлийнхөө дээд хязгаарт тулчихсан гэж хэлж болно. Одоо гидравлик систем болон хөдөлгүүрийн энгийн сайжруулалтаар ашигт үйлийн коэффициентийг 10-30 хувиар өсгөх боломжгүй болсон. Тиймээс цаашид зардал бууруулах, бүтээмжийг үсрэнгүй нэмэгдүүлэх шийдлүүд зайлшгүй технологитой холбогдож байна. 

- Салбарынхан танай компанийг хуучны “Вагнер Ази” нэрээр нь илүү сайн мэддэг шүү дээ. Нэрээ өөрчилснөөр компанийн стратеги, үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? 

Манай харилцагчид “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” гэдэг нэрд дассан нь үнэн. Вагнер Азийн хувьд Монголын уул уурхайн салбарт асар том өвийг бүтээсэн компани гэж би хувьдаа үргэлж бахархдаг юм. 1996 онд манай компани анх байгуулагдахад дотоодын компаниуд цөөхөн, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бараг байгаагүй үе. Тэр утгаараа Америкийн хөрөнгө оруулалттай анхны компаниудын нэг болохын хувьд барууны соёл, Америк школ, компанийн засаглал, үйл ажиллагааны стандарт болон бүтээгдэхүүн үйлчилгээний соёлыг Монголд нутагшуулж, тодорхой хэмжээний жишиг тогтоож чадсан түүхтэй. 

Бид зөвхөн техник худалдаалаад зогсдоггүй. Өндөр өртөгтэй техникийнхээ бүтээмжийг хангахын тулд технологи болон мэдлэгийг цогцоор нь нутагшуулах шаардлагатай болдог. Үүнд засвар үйлчилгээний болон инженер техникийн чадавх, цаашилбал операторуудыг бэлтгэх гээд боловсон хүчнийг хөгжүүлэх асар том ажил бий. 

- Компанийнхаа хүний нөөцийн бодлогын талаар ярьвал? 

Манай хүний нөөцийн бодлого бол цөөн тооны, чадвартай, сэтгэл зүтгэлтэй, өндөр бүтээмжтэй боловсон хүчнээр үйл ажиллагаа явуулахыг үргэлж урьтал болгодог. Бид ажилтнууддаа дэлхийн жишигт нийцсэн техникийн ур чадварын сургалтуудыг тогтмол хийж, олон улсын түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарсаар ирсэн. 

Үүний нэг тод жишээ нь манай “Аппрентис” хөтөлбөр юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид зөвхөн техник худалдаалахаас гадна түүнийг нутагшуулах инженер техникийн ажилчид, операторуудыг бэлтгэхэд онцгойлон анхаарч ирлээ. Энэхүү хөтөлбөрөөр дамжин бэлтгэгдсэн 830 гаруй инженер, техникийн ажилтнууд өнөөдөр Монголын тэргүүлэх уурхайнууд болон томоохон төслүүдэд удирдах болон мэргэжлийн түвшинд амжилттай ажиллаж байна. Бид энэхүү хөтөлбөрөөрөө бахархдаг бөгөөд цаашид ч илүү өргөжүүлж, хөрөнгө оруулалт хийх болно. 

- Сүүлийн үед их яригдаж байгаа “Cat® Detect” систем болон түүнийг Монголын уурхайнуудад нэвтрүүлж буй туршлагын талаар тодруулна уу? 

“Caterpillar”-ийн технологийн шийдлүүдийг MineStar™ гэж нэрлэдэг бөгөөд энэ нь үндсэн 5 хэсгээс бүрддэг модулар систем юм. Хэрэв энэ 5 системийг уурхай дээр цогцоор нь нэвтрүүлбэл бүрэн автоматжсан уурхай болох боломжтой. Үүний нэг элемент болох “Cat® Detect” систем Монгол улсад амжилттай нэвтрээд эхэлсэн. АНУ-ын MineEXPO үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” болон “Багануур” ХК энэ системийг ихээхэн сонирхож, судалсны үндсэн дээр бид багануурын уурхай дээр туршилт хэлбэрээр 2 ширхэг “Cat® Detect” системийг суурилуулж амжилттай хэрэгжүүлсэн. Системийн тухайд, нэгдүгээрт, операторт ямар нэгэн нэмэлт дарамт, ачаалал үүсгэхгүйгээр систем өөрөө ажилладаг. Хоёрдугаарт, Америк дахь 24/7 цагийн хяналтын төвөөс хөндлөнгөөс давхар хяналт тавьж байдаг. Тухайлбал, оператор ядарч, зүүрмэглэх эсвэл дуг хийх шинж тэмдэг ажиглагдвал Америк дахь төвөөс шууд холбогдож, тухайн хүнийг амраах эсвэл ээлжийг нь солих арга хэмжээг шуурхай авдаг онцлогтой. 

- “Caterpillar” корпораци сүүлийн үед техник хэрэгсэл нийлүүлэхээс илүүтэй сэлбэг, үйлчилгээ болон технологийн шийдэл рүү анхаарлаа хандуулж байна гэж ажиглагдсан. Энэ нь Монгол дахь бизнесийн бүтцэд хэрхэн нөлөөлж байна вэ? 

Caterpillar нь 5 жилийн стратегитайгаар хөгждөг. Өмнөх 5 жилийн хувьд тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор сэлбэг, засвар үйлчилгээг чанартай хүргэхэд түлхүү анхаарч ажилласан. 

Харин өнгөрсөн жил шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдсон Joseph E. Creed дараагийн 5 жилийн шинэ стратегиа танилцуулсан. Энэ хүрээнд бид илүү “харилцагч төвтэй” байж, харилцагчийн хэрэгцээ шаардлагад яг нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц шийдлийг санал болгохыг зорьж байна. Тухайлбал, уурхайн сайт дээр илүү ойр байж, оролцоогоо нэмэгдүүлэх, мөн орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг засвар үйлчилгээтэй нь цогцоор нь хэрэглэгчдэд хүргэхэд анхааран ажиллаж байна. 

- Сүүлийн үед ханган нийлүүлэгчид олширч байгаа энэ цаг үед “Барловорлд Монголиа” өрсөлдөх чадвараа хэрхэн хадгалж байна вэ? 

Ирээдүйн уул уурхайн компаниуд зөвхөн том техник ашиглаж, илүү их хэмжээний шороо чулуу зөөхөөрөө биш, харин тонн тутамдаа хэр их нэмүү өртөг, өгөөж шингээж байгаагаараа өрсөлдөнө. Дэлхий даяар “баялгийн үндсэрхэг үзэл” (resource nationalism) газар авч байгаа энэ цаг үед байгаль орчинд ээлтэй, тогтвортой уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд л олон нийт болон төр засгийн дэмжлэгийг авч, урт хугацаанд тогтвортой ажиллах боломж нээгдэнэ. Тиймээс бид илүү их хэмжээгээр олборлохоос илүүтэйгээр ногоон, байгальд ээлтэй технологиор тонн тутамд хэр өндөр өгөөж бий болгож байгаагаараа ялгарах болно. 

“Барловорлд Монголиа” компанийн дараагийн 30 жилийн алсын хараа юу байх вэ? Дэлхийн болон Монголын уул уурхайн салбарын ирээдүй илүү ухаалаг, технологижсон шийдлүүд рүү хэдийнэ шилжчихсэн. Барловорлд Монголиа компани ч өнгөрсөн хугацаанд салбарынхаа тэргүүлэгч байр суурийг хадгалж ирсний адилаар ирэх 30 жилдээ илүү цахимжсан “Техно-аж үйлдвэрийн” (Techno-Industrial) компани болох зорилт тавин ажиллаж байна. 


Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл (1)

  • Gereltuya (35.131.2.99)
    Гэр бүлийн хүчирхийлэгч хүн тэгээд технологи яриад явж байдаг гоё нийгэм болж дээ
    2026 оны 11 сарын 16 | Хариулах