Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Саусгоби Ресурс: 2026 оны III улиралд 47.9 сая ам.долларын ашигтай ажиллаж, борлуулалтаа өсгөлөө

-Саусгоби Ресурс: Овоот толгой, Сүмбэр зэрэг стратегийн ордууд дахь Төрийн эзэмшлийг тогтоох, АМНАТ-р орлуулах хэлэлцээ үргэлжилж байна-

О.Дөлгөөн


Хонконгийн Хөрөнгийн Бирж (HKEX: 1878) болон TSX Венчур Бирж (TSX-V: SGQ) дээр давхар бүртгэлтэй, Овоот толгой нүүрсний ил уурхайд олборлолт эрхэлдэг, мөн Сүмбэр болон Заг сүүж зэрэг ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Саусгоби Ресурс Лимитед” ("SouthGobi Resources Ltd.") компани 2026 оны III улирал болон эхний есөн сарын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Борлуулалтын орлого 2026 оны эхний 9 сарын байдлаар 619.2 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 45%-иар өсжээ. Өмнөх оны мөн үед алдагдалтай ажиллаж байсан бол тайлант хугацаанд 66.6 сая ам.долларын үйл ажиллагааны ашигтай, үүнээс III дугаар улиралд дангаараа 47.9 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Тайлант хугацаанд нийт 9.9 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд дундаж борлуулах үнэ 62.7 ам.доллар/тн болж өссөн байна. Үүнд өндөр үнэтэй дээд зэрэглэлийн хагас зөөлөн коксжих нүүрсний эзлэх хувь III улиралд 49%-д хүрсэн нь гол нөлөө үзүүлжээ. 

Гол хувьцаа эзэмшигч JDZF сантай хийсэн 151.1 сая ам.долларын өр төлөх хугацааг 2027 оны 8-р сарын 31 хүртэл сунгахаар тохиролцсон бөгөөд уг хэлэлцээрийг 2026 оны 12 дугаар сарын 17-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн батална. Түүнчлэн JDZF-ийн 19 сая ам.долларын хүүгийн авлагаас 17 сая ам.долларыг "Од Сар Трейдинг" ХХК-д шилжүүлж, тус компанид 73,497,622 ширхэг энгийн хувьцаа шинээр гаргаж өгчээ. Монголын Татварын Албанаас охин компани болох "Саусгоби Сэндс" ХХК-д ногдуулсан ойролцоогоор 7.1 сая ам.долларын торгуулийг давж заалдахгүйгээр хүлээн зөвшөөрөхөөр болж, нийтдээ 18.5 сая ам.долларын татварын торгуулийн нөөц сан бүрдүүлсэн байна. 

Овоот толгой болон Сүмбэрийн орд газрууд "Стратегийн ач холбогдол бүхий орд"-д хамаарч байгаа тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, эсвэл АМНАТ-аар орлуулах чиглэлээр хэлэлцээ үргэлжилж байна. Мөн Сүмбэрийн ордын талбайтай холбоотой орон нутгийн шийдвэрийг шүүхэд амжилттай маргаж хүчингүй болгожээ.

Овоот толгойгоос Шивээхүрэн боомт хүртэлх хатуу хучилттай авто замыг эзэмшдэг "RDCC" ХХК-аас (40%-ийн шууд бус эзэмшилтэй) 2026 оны эхний 9 сард 14.9 сая ам.долларын хураамжийн орлого олжээ. БНХАУ эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор нүүрсийг гол түлш болгон ашигласаар байх төлөвтэй байгаа хэдий ч дэлхийн зах зээл дэх геополитик болон үнийн хэлбэлзлийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байна.