
О.Дөлгөөн
"Рио Тинто" компани Шинэ Зеландын Тивай Пойнт дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор эрчим хүчний "Contact Energy" компанитай 3.5 жилийн хугацаатай, 50 МВт-ын цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ байгууллаа.
Ихэвчлэн сэргээгдэх эрчим хүчээр хангагдах энэхүү гэрээний үр дүнд тус үйлдвэр 2020 оны дөрөвдүгээр сараас хойш цар тахал болон зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас сул зогсоод байсан 4-р шугамаа дахин ашиглалтад оруулах боломжтой болж байна.
4-р шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр хөнгөн цагааны үйлдвэрлэл жилд 30,000 тонноор нэмэгдэж, тус үйлдвэр жилд 360,000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн хүчин чадалдаа эргэн хүрнэ. Энэ нь Рио Тинтогийн Австрали, Шинэ Зеланд дахь нийт хайлуулах хүчин чадлыг гурван хувиар тэлэх үзүүлэлт юм.
Дэлхийн зах зээл дээрх хөнгөн цагааны одоогийн үнээр тооцвол энэхүү алхам нь Шинэ Зеланд улсад жилд ойролцоогоор 100 сая шинэ зеланд долларын экспортын нэмэлт орлого авчрах төлөвтэй байна.
Төлөвлөгөө ёсоор бэлтгэл болон туршилтын ажлуудын дараа 4-р шугамыг 2027 оны аравдугаар сард асааж, мөн оны арванхоёрдугаар сар гэхэд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлнэ. Харин өвлийн оргил ачааллын саруудад Шинэ Зеландын эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүйн тулд үйлдвэрт нийлүүлэх цахилгааны хэмжээг 25 МВт болгон бууруулахаар гэрээнд тусгажээ.
Энэ талаар Рио Тинтогийн Номхон далайн бүсийн Хөнгөн цагааны үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, өндөр чанартай хөнгөн цагааны эрэлт урьд өмнө байгаагүйгээр өсөж буй энэ цаг үед бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна” хэмээн онцолсон бол Шинэ Зеланд дахь үйлдвэрийн Ерөнхий менежер Мишель Хендерсон энэхүү түр гэрээ нь тус шугамыг ирэх 20 гаруй жил тогтвортой ажиллуулах урт хугацааны гэрээг эцэслэх хүртэлх чухал гүүр болж, бүс нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлнэ гэдгийг дурдлаа.