Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

"ОНТРЕ"-ИЙН НАЙРУУЛГАТАЙ ӨРНӨЛ


О.Дөлгөөн


Оюу толгойн санхүүжилтийн зардлыг бууруулахтай холбоотой ажлууд цэгцэрч гагцхүү Онтре-ийн хэлэлцээр үлдсэн нь уг асуудлыг бүхний анхаарлын төвд дахин оруулж байна. Гэхдээ бид сүүлийн үед Онтре-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой "гоцлон дуулалт"-ыг л зөвхөн сонсох боллоо.

Оюу толгой бүлэг ордын хамгийн баялаг агуулгатай бүсийг хамрах Шивээ толгой, Жавхлант тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Онтре" ХХК-тай Хөрөнгө оруулалтын тусгай гэрээ (ХӨОГ) шинээр байгуулна гэж албан ёсоор зарласнаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч жилийн ойтойгоо золгож буй энэ эхлэлцээрт дорвитой ахиц гарсангүй. Монгол Улсын эрх ашиг, төрийн хувь эзэмшлийг шинэчлэн тогтоох яриа хэлэлцээ мухардаж, нөгөө талд "Онтре" компани сэмээрхэн Засгаас уртаад өөрийн тоглолтуудаа ээлж дараалан хийсээр байгааг бид бэлхнээ харж байна.

Хэлэлцээрийн ширээнд суухаас урьтаад тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой татварын тодорхойлолтыг авах замаар асуудлыг эвтэйхэн гүйцэлдүүлэхийг Онтре эрмэлзэж эхлэв бололтой. Сүүлийн өдрүүдэд шуум тариад буй уг татварын гүйлгээтэй холбоотой маргаан бол угтаа жил дамнан үргэлжилж буй юм. Энэ нь хууль зүйн болон гео-эдийн засгийн хувьд асар том эрсдэл дагуулах ярвигтай асуудал.

Ашигт малтмалын тухай хуульд "Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх, шилжих бүрд УИХ-ын бүрэн эрхийн дагуу асуудлыг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ" хэмээн маш тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд салбарын хуулиараа УИХ-ын бүрэн эрхийг давж гараад "Онтре" компанийн хоёр тусгай зөвшөөрөл шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой татварын гүйлгээг хийсэн хэдий ч уг асуудал гагцхүү УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хуультай. Гэхдээ Онтре энэ чиглэлд тууштай урагшилсаар байна.

"ТАТВАРЫН ТОДОРХОЙЛОЛТ"-ЫН МАРГААН

Үйл явдлын өрнөлийг цаг хугацааны дарааллаар авч үзвэл, "Онтре" компанийг бараг хэн ч үл анзаарах тухайн цаг үед буюу 2025 оны III улиралд Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, тусгай зөвшөөрөлтэй холбоотой татварын тооцооллыг баталгаажуулахаар анх нэхэмжилсэн байдаг.

Харин 2026 оны II улиралд тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) тухай хуулийн дагуу эрх шилжүүлсний татвараа төлж, 6 дугаар сарын 18-нд Татварын ерөнхий газарт (МТА) дахин хянуулахаар хүргүүлжээ. Гэвч 6 дугаар сарын 26-нд Татварын албанаас холбогдох журмын дагуу шаардлагатай бичиг баримтаа бүрэн ирүүлээгүй гэх үндэслэлээр буцаан, Татварын тодорхойлолт олгохоос татгалзсан байна. Засгийн газар болон Татварын албанаас журам зөрчигдсөн тул хуулийн дагуу буцаасан гэх тайлбарыг өгсөөр байтал "Онтре" компани үүнийг үл ойшоон албаны шийдвэрийг эсэргүүцэн албан ёсоор "гомдол" хүртэл гаргав.

Хачирхалтай нь, "Рио Тинто" групппийн 7 дугаар сарын 29-нд гаргасан тайланд "Монгол Улсын Засгийн газар 2026 оны эхний хагаст Панел 1-ийн лицензийг шилжүүлэх ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн" хэмээн мэдээлсэн байна.

"СТРАТЕГИЙН" ОРДЫН ЭЭДРЭЭ

Оюу толгойг тойрсон маргаан, ээдрээ бүхэн 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс эхтэй. Тэр дундаа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд "Нууц" гэсэн тамга дарагдаж, ард иргэд, олон нийтийн мэдэх эрхээс ангид, далд хөшигний цаана үлдсэн. Түүнээс хойш 2011 онд нэмэлт өөрчлөлт орж, бага багаар ил болсон ч сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Оюу толгойтой холбоотой стратегийн чухал бичиг баримтууд нууцын зэрэглэлд байсаар ирсэн нь өнөөдрийн үл ойлголцол, засаглалын эрсдэлийн суурийг тавьжээ.

Үүний нэг жишээ нь 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан гэрээ. “Рио Тинто” болон “Онтре Ресурс” компаниуд Монгол Улсын Засгийн газарт тухайлан мэдэгдэхгүйгээр, Парламентын түвшний шийдвэрийг давж гаран Хамтран эзэмших гэрээг (Joint Venture Agreement 80/20) дур мэдэн байгуулчихсан байдаг. Хамтран эзэмших гэрээний эх суурь нь тэртээ 2008 оноос эхлэлтэй хэдий ч 2025 онд ийнхүү чимээгүйхэн эцэслэгдсэн байна.

Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 9-ний 170 дугаар тогтоолоор Жавхлант, Шивээ толгойн ордуудыг “стратегийн” ордод хамааруулах болсон. Иймд Стратегийн чухал ордын баялаг хаашаа, хүний хяналтад орж байгааг хууль журмын дагуу тогтоох, төрийн хувь эзэмшил, эрх ашгийг хамгаалах үүднээс Монгол Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сард Оюу толгойтой холбоотой асуудлыг шалгах Хянан шалгах Түр хороо байгуулж, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Түр хорооны шалгалт 2025 оны 12 дугаар сарын эхээр болсон 3 өдрийн нээлттэй сонсголоор нийгмийн анхаарлыг татав. Уг сонсголд “Онтре Ресурс” компанийн тухайн үеийн Гүйцэтгэх захирал Стивен Скотт биечлэн оролцож, Хамтарсанн үйлдвэрийн тусгай зөвшөөрлүүд болон 80/20% эзэмшлийн маргаантай асуудлуудад хариулт өгсөн байдаг.

УИХ-ын Түр хорооноос гадна Ерөнхий сайдын 2025 оны 8 дугаар сарын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсэг идэвхжиж, Хамтарсан үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн талбай дахь Төрийн эзэмшлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон юм. 2025 оны 12 дугаар сарын 19-нд Түр хороо шалгалтын дүгнэлт болон тогтоолын төслөө УИХ-д өргөн барьсны дараа, мөн сарын 26-нд Түр хорооны тогтоол албан ёсоор батлагдсан. Иймд энэхүү тогтоолын хүрээнд “Онтре” компанитай ХөОГ байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, хэлэлцээр байгуулах ажил бүх талаар албажсан билээ.

“ОНТРЕ”-ИЙН САНАЛ

“Онтре” ХХК-ийн зүгээс 2026 оны 3 дугаар сарын 25-нд Засгийн газрын Ажлын хэсэгт албан ёсны санал хүргүүлсэн байдаг. Уг саналд: “Монголын төр төслийн 34 хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшихээс татгалзаж, оронд нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу баяжмалын нийт борлуулалтын дүнгээс тохиролцсон хэмжээний АМНАТ авах замаар орлуулан шийдвэрлэх” тухай тусгасан. Үнэндээ Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардлаа хянаж чадахгүй, Монголын тал ногдол ашиг авч чадахгүй явж ирсэн замналыг харвал өсөн нэмэгдэх АМНАТ-өөр хувиа орлуулах нь Монголын талд ашигтай байж болох хувилбар байв. Гэвч саяхан, 10 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох тухай хууль албан ёсоор батлагдсанаар энэхүү хувилбар Монгол Улсын талд эдийн засгийн хувьд ашиггүй болж өөрчлөгдлөө.

“Оюу толгой” ХХК нь санхүүгийн нэгдсэн тайлан гаргадаг,  татварын тусгай хөнгөлөлтүүдтэй тул өнөөг хүртэл Монгол Улсад төлөх татварын хэмжээ харьцангуй доогуур байсаар ирсэн. Ийм нөхцөлд тусгай зөвшөөрлүүдээ шилжүүлснээр “Онтре” компани нь “Оюу толгой”-н эдэлж буй эдгээр татварын хөнгөлөлт, хууль эрх зүйн болон санхүүгийн давуу талуудыг эдэлж, татварын ачааллаас зайлсхийх нь ойлгомжтой. Иймд тусдаа ХӨОГ-г заавал байгуулж, төрийн болон үндэсний эрх ашгийг хуулийн дагуу баталгаажуулах нь зүй ёсны хэрэг.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИЛЖҮҮЛЭХ "НЭН ШААРДЛАГАТАЙ" ГЭНЭ

“Онтре Ресурс” 2026 оны II улирлын үр дүнгээ танилцуулахдаа: “Оюу толгойн гүний уурхайн Лифт 1 Панел 1-ийн бүтээн байгуулалт, хөндлөн нэвтрэлтийн ажлыг саадгүй үргэлжлүүлэхийн тулд Шивээ Толгой, Жавхлант талбайн ашиглалтын лицензүүдийг “Онтре”-оос “Оюу толгой” компанид шилжүүлэх нь хамгийн чухал ойрын зорилт байна” хэмээн онцолжээ. Мөн тэд “Оюу толгой” компанитай байгуулсан Хамтран үйлдвэрийн гэрээгээ (JVA) эдийн засгийн ашиг сонирхлыг нь хэвээр үлдээх замаар илүү үр ашигтай хэлбэрт өөрчлөн хөрвүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа талаараа ч дурдсан байв.

Тайлан гарснаас сарын дараа дараа тус компанийн шинэхэн томилогдсон Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Крис Адамс, Санхүү эрхэлсэн захирал Дуани Ло нар 2026 оны 9 дүгээр сарын эхээр Монгол Улсад албан ёсоор айлчлаад буцлаа.

Энэ дашрамд Крис Адамс хувьцаа эзэмшигчдээ “бэлэг болгон” илгээсэн захидалдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон дотоодын бизнесийн салбарын удирдлагуудтай уулзсанаа дурдаж, Оюу толгой төслийн үйл ажиллагааны цар хүрээнд сэтгэл хангалуун өндөр байгаагаа илэрхийлсэн. Өнгөн дээрээ “сэтгэл хангалуун өндөр”, “хамтын ажиллагаа сайн” гэж ярьсан ч цаагуураа татварын тодорхойлолтыг шүүх, гомдлын журмаар авахыг эрмэлзэж, АМГТГ дээр тусгай зөвшөөрлийг шууд шилжүүлэх процессыг шахаж байгаа нь “хэлэлцээрийн эсрэг өрнөл” явагдаж буйн бодит илрэл гэмээр “Онтре-ийн нүүдэл” ажээ.

Уг мэдээлэл цацагдсанаар олон нийтийн дунд хүчтэй эргэлзээ үүсэж, бүгдийг тайвшруулах үүднээс Салбарын сайд болон Сангийн сайдын зүгээс “тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн зүйл огт байхгүй” хэмээн эрс үгүйсгэсэн тайлбар өгсөн. Гэвч энэ өрнөл нь Онтре-ийн хэлэлцээр мухардалд орсон байж болзошгүйг илтгэнэ. Сайд, дарга нь хэлэлцээр хийнэ гэж бардамнах зуур бодит байдал дээр “Онтре” компани татварын тодорхойлолтоо авахаар хэдийн шүүх, гомдлын журмаар заргалдаж, тусгай зөвшөөрөл шилжүүлэх бэлтгэлээ хангасаар байна.

ОРДЫН ШИНЭЧЛЭН ҮНЭЛГЭЭ БҮХИЙ ТЕХНИКИЙН ТАЙЛАН ИРЭХ ОНЫ ЭХЭЭР ГАРНА

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Онтре компанийн өмнөх буюу 2021 оны Техникийн тайланг тус компани олон улсын NI 43-101 стандартын дагуу бие даасан аудиторуудаар хийлгэж байсан. Канадын хөрөнгийн биржийн журмаар ордын нөөц, өрөмдлөгийн дата болон зах зээлийн үнэ ханшид үлэмж өөрчлөлт орсон тохиолдолд Техникийн тайланг шинэчлэх шаардлага үүсдэг. Тиймээс 2026 оны томоохон өрөмдлөгийн үр дүн болон өнөөгийн өндөр үнэ ханшийг шингээсэн шинэчилсэн Техникийн тайлан 2027 оны I улиралд гарахаар хүлээгдэж байна.

2021 оны Техникийн тайланд зээлийн ханшийг нэг фунт тутмыг 3.25 ам.доллар, алтыг нэг унт тутмыг 1,591 ам.доллар гэж тооцон ордын эдийн засгийн үнэлгээ хийж байв. Тэгвэл 2027 оны I улиралд зах зээлийн өнөөгийн өндөр үнэ ханш, өртөг зардлын бодит өөрчлөлтийг тусгасан шинэчилсэн Техникийн тайлан (NI 43-101) гарах ажээ. Энэхүү шинэчилсэн үнэлгээгээр Шивээ толгой, Жавхлант ордын эдийн засгийн өгөөж, ашигт ажиллагаа анх тооцоолсноос үлэмж хэмжээгээр өсөх нь нэгэнт тодорхой байна. Хэлэлцээрийн ширээний ард Монгол Улсын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын Ажлын хэсгийн хувьд 2027 оны эхээр гарах тус тайлан маш үнэ цэнтэй өгөгдөл мэдээлэл болох нь дамжиггүй.

ОНТРЕ БЭЛЭН МӨНГӨНИЙ ЭРЭЛД

“Онтре Ресурс” компани санхүүгийн чиглэлд томоохон довтолгоо хийж эхэлснийг тэдний хамгийн сүүлийн санхүүжилтийн шийдвэр баталж байна. Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тус компани нэг бүрийг нь 2.90 канад доллараар 11 сая ширхэг хүртэлх нэгж хувьцааг хаалттай арилжаалж, 31.9 сая канад долларын санхүүжилт босгохоор төлөвлөснөө 10 дугаар сарын 20-нд албан ёсоор зарласан бол ердөө 14 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 14-нд цалгисан амжилттайгаар буюу 36.2 сая канад доллар татан төвлөрүүлснээ мэдээлсэн.

Сонирхолтой нь, олон улсын салбарынхны анхаарлыг татаж буй энэхүү санхүүжилтийн гол хөрөнгө оруулагчаар крипто валютын салбарын гигант “Tether” группийн харьяа компани оролцож байгаа юм.

Онтре татан төвлөрүүлж буй энэхүү 36.2 сая канад долларын санхүүжилтээр бамбай хийн, Шивээ толгой, Жавхлант тусгай зөвшөөрлүүдийг “Оюу толгой” компанид шилжүүлэх процессыг шууд эрчимжүүлэх, Засгийн газрын Ажлын хэсэгтэй төрийн эзэмшлийн асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар шийдвэрлүүлэх, мөн 2027 оны шинэчилсэн Техникийн тайланг бэлтгэх ажлыг санхүүжүүлнэ гэдгээ ил тодоор тайлагнажээ.

Гүйцэтгэх захирал Крис Адамсын онцолсноор, ийнхүү бэлэн мөнгөний нөөцийн зузаатгал хийснээр Монгол дахь дэлхийн түвшний орд дээрээ суурилан, бусад өндөр чанартай зэс болон чухал металлын төслүүдээс АМНАТ, өгөөж хүртэх замаар корпорацын стратегийг тэлэх санхүүгийн боломж бүрдэж байгаа хэмээв.

Засгийн газрын сүр дуулиантайгаар тунхаглан зарласан Хөрөнгө оруулалтын тусгай гэрээний хэлэлцээр өнөөдөр бодит үр дүнд хүрээгүй, цаг хугацааны хувьд гацаанд орчихоод байна. Гэтэл “Онтре”-ийн үйлдлүүдийг ажиглавал, тэд эрх зүйн хувьд эцсийн зорилго болох тусгай зөвшөөрлүүдээ шилжүүлэх чиглэлд алгуурхан бөгөөд “тууштайгаар” дөхсөөр байна.

Үнэндээ “Онтре” бол саяхныг болтол олон нийтийн бүү хэл салбарын эрдэмтэд, улстөрчдийн хараанд өртөлгүй явж ирсэн “булан тохойд нуугдсан” гэмээр компани байсан. 2009 оны Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үеэс эхлэн 2025 он хүртэлх урт хугацаанд тэднийг бараг хэн ч онцгойлон анзаараагүй. Тэгсэн атлаа стратегийн асар том баялаг бүхий тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг, басхүү өөрийн гэсэн маш цэвэрхэн тоглолттой компани болох нь одоо улам бүр тодорхой болж ирж байна.

Засгийн газар Оюу толгойн хэлэлцээрийн эхний даваагаа давсандаа хэт урамшин тайвширч, үлдсэн гол хэлэлцээрээ эрчимжүүлэлгүй назгайрсаар байх зуур тэд хялбархан мад тавьж мэднэ. Иймд хууль журмынхаа дагуу эрх ашгаа шийдвэртэйгээр хамгаалан Засгийн газрын Ажлын хэсэг “нэн даруй” Онтре компанитай Хөрөнгө оруулалтын тусгай гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай байна.