Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 9 сард 7.3%-иар өслөө

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 26.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 7.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ийнхүү өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 835.2 тэрбум төгрөгөөр буюу 25.4%, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 391.1 тэрбум төгрөгөөр буюу 3.3%-иар өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 7.3%-иар өссөний 1.5 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.4 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 1.6 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар тус тус бүрдүүлсэн байна.

Харин оны үнээр тооцвол, энэ оны эхний 9 сард улсын ДНБ-ийн хэмжээ 78.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.3 их наяд төгрөг буюу 30.4%-иар өсжээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 9.0 (68.3%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.0 (17.8%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улирлын дүнгээр авч үзвэл ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны 3 дугаар улиралд өмнөх улирлаасаа 1.3%-иар өссөн байна. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний 9 сард 7.2%, 2024 оны эхний 9 сард 5.2%, 2025 оны эхний 9 сард 5.9%, 2026 оны эхний 9 сард ийнхүү 7.3%-иар тус тус өссөн байна.