Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

СИЛУАНОВ: ОРОС, ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООНО

Ч.Сансар

ШЭНЬЖЭНЬ (БНХАУ), 11 дүгээр сарын 17 /РИА Новости/. Орос, Хятадын хоорондын худалдааны эргэлт 2026 онд дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа бөгөөд худалдааны хэмжээ аль хэдийн 26%-иар өссөн талаар ОХУ-ын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэв.

"Бид гадаад худалдааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор төлбөр тооцоог хэд хэдэн сувгаар дамжуулан хийж байна. Худалдааны хэмжээ маань хэрхэн өсөж байгааг та бүхэн харж байгаа. Дашрамд дурдахад, худалдааны эргэлт 26%-иар өссөн. Энэ онд худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээнд хүрнэ", хэмээн Силуанов «Вести» мэдээллийн албанд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Түүний хэлснээр, энэ оны эхний арван сарын худалдааны эргэлт нь өнгөрсөн оны бүтэн жилийн үзүүлэлттэй ойролцоо хэмжээнд хүрээд байна.

Орос, Хятадын худалдааны эргэлт 2026 оны эхний арван сарын байдлаар 242.5 тэрбум ам.долларт хүрч, 2025 оны жилийн нийт үзүүлэлтийг аль хэдийн давсан талаар ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Игорь Моргулов даваа гарагт мэдээлжээ.

Хоёр улс өмнөх дээд амжилтаа 2024 онд тогтоож, худалдааны эргэлтээ 1.9% хувиар нэмэгдүүлэн 244.8 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Харин 2025 онд уг үзүүлэлт 6.9%-иар буурч, 228.105 тэрбум ам.доллар болсон байна.

Эх сурвалж: ria.ru