
О.Дөлгөөн
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани “Тавантолгой XXXIII” төслийн “Улаан нуур” талбайд Монголын анхны олон салаалсан хэвтээ метан хийн (CBM) цооногийг өрөмдөж эхэлсэн талаараа өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус компанийн Монгол дахь охин компани “Метан Газ Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй уг цооногийн өрөмдлөгийг товлосон хугацаанаас өмнө амжилттай дуусгаснаа өнөөдөр (2026.11.19) зарлалаа.
Олон салаалсан (multilateral) цооног гэдэг нь газрын гадаргуу дээрх нэг цэгээс эгц доош өрөмдөж ороод, зорилтот нүүрсний давхаргад хүрснийхээ дараа газар доор олон чиглэлд салаалуулан хэвтээ өрөмдлөг хийх дэвшилтэт технологи юм. Энэ нь газрын хөрсийг олон хэсэгт хөндөхгүйгээр нэг цооногоос илүү өргөн хүрээний хийг олборлох боломж олгодог давуу талтай.

“RL-001-3b-ML-03” нэртэй уг цооног нь үндсэн нэг цооног болон нүүрсний IIIb давхарга руу чиглэсэн дөрвөн хажуугийн салаанаас бүрдэж байгаа юм. Өрөмдлөгийн гүйцэтгэгчээр ажилласан “Yan’an Drilling Wellking Energy Technical Service” компани нийт 2,841.6 метр хэвтээ өрөмдлөг хийсний 2,642 метр буюу 93 орчим хувь нь зорилтот нүүрсний давхарга дотор явагджээ. Энэхүү олон салаат технологи нь нэг цооногоос хий агуулсан нүүрсний давхаргатай шүргэлцэх талбайг тэлж, хийн урсгал болон нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай.
Өрөмдлөгийн ажил дууссанаар тус компани илүү чухал үе шат болох олборлолт, ус шавхах туршилтын ажилдаа шилжиж байна. Тодруулбал:
Шинэ цооног дээр шурагт шахуурга, хөдөлгүүр суурилуулж, ус болон хий дамжуулах хоолойн шуудууг бэлэн болгосон.
Одоо байгаа “HZ01” болон “HZ02” цооногуудад их засвар, үйлчилгээ хийж байгаа бөгөөд энэ сардаа багтаан гурван цооногоос нэгэн зэрэг ус шавхаж эхлэхээр төлөвлөжээ.
Тус компани одоогоор цооногийн хий олборлох арилжааны урсгалын хэмжээг зарлаагүй байгаа ч удахгүй эхлэх гурван цооногийн нэгдсэн туршилтаар давхаргын даралт, ус болон хийн гарцыг нарийвчлан тогтоох юм. Энэхүү туршилтын үр дүн нь “Jade Gas” компанийн 2027 онд хэрэгжүүлэх ашиглалтын өрөмдлөгийн хөтөлбөрийн цооногийн бүтэц, тоног төхөөрөмжийн сонголт, төлөвлөлтийг тодорхойлох суурь мэдээлэл болох аж.