Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хөшөөтийн нүүрс тээвэрт 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулна 

О.Дөлгөөн


Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” (00276) компани “Western Solar Energy” ХХК-тай хамтран сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдлээ.

Гэрээний нөхцөлийн дагуу шинээр байгуулагдах хамтарсан компанийн анхны нийт хөрөнгө оруулалт 4.5 сая ам.доллар байх аж. Үүнд “Mongolia Energy”-ийн охин компани болох “BVI Newco” 2.2 сая ам.доллар буюу 49 хувийг, харин түнш тал болох “Western Solar Energy” 2.3 сая ам.доллар буюу 51 хувийг тус тус бүрдүүлэхээр тохиролцжээ.

Тээврийн зардлыг бууруулж, цахилгаан ачааны машин нэвтрүүлэхийг зорино

“Mongolia Energy” нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах Хөшөөтийн коксжих нүүрсний уурхайд олборлолт эрхэлж , БНХАУ болон дотоодын зах зээлд коксжих болон эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. Тус уурхайн нүүрсийг Хөшөөтийн авто замаар хүнд даацын ачааны машинаар БНХАУ дахь нүүрс баяжуулах үйлдвэрүүд рүү тээвэрлэдэг бөгөөд энэхүү ложистикийн сүлжээг сайжруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулж байна.

Тодруулбал, хамтарсан компаниар дамжуулан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, дэд бүтэц байгуулах замаар ложистикийн гэрээт компаниудыг хүнд даацын цахилгаан ачааны машин ашиглахад татан оролцуулах юм. Ингэснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахаас гадна урт хугацаанд нүүрс тээврийн зардлыг хэмнэх, цаашлаад орлогын шинэ эх үүсвэр бий болгох боломжтой гэж компани үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилт тавьж, тоног төхөөрөмжийн импортод НӨАТ болон гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж байгаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэх таатай нөхцөл болж байгааг мэдэгдэлд онцолжээ.