Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол, Энэтхэгийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны бага хурлаар газрын тосны үйлдвэрийн явцыг хэлэлцэв

Т.Бямбанаран

Монгол, Энэтхэгийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний бага хурал 11 дүгээр сарын 18-нд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн (ШУТИС) байранд зохион байгуулагдаж, газрын тос боловсруулах инженерийн боловсрол болон Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв.

“Монгол-Энэтхэгийн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа” сэдэвт тус бага хурлыг ШУТИС, Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран зохион байгуулав. Тус хурлаар хоёр орны шинжлэх ухаан, боловсрол, технологийн салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцлээ.

ШУТИС-ийн Ректор Т.Намнан хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Энэтхэг улс мэргэжил дээшлүүлэх сургалт, эрдмийн солилцоо, байгууллагын чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр Монгол Улсын боловсрол, технологийн хөгжлийг дэмжиж ирсэн. Өнөөдрийн бага хурал нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерийн боловсрол, мөн Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг хамтын ажиллагааны олон чиглэлийг хамарч байна.

Их, дээд сургууль, төр засаг, аж үйлдвэрийн салбар хоорондын түншлэл нь үндэсний хөгжил, технологийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулж болохыг харуулж байна. Цаашид бид хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, оюутны солилцоог өргөжүүлэх, боловсролын хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, судалгааны лабораторийн хөгжлийг дэмжих, технологи дамжуулах замаар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Оюутан залуучууд олон улсын хамтын ажиллагааны үр шимийг хүртэгчид төдийгүй энэхүү түншлэлийг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх ирээдүйн эрдэмтэд, инженерүүд, шинийг санаачлагчид юм” гэлээ.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве нээлтийн үгэндээ, “Бидний хэрэгжүүлж буй хамгийн том төслийн нэг бол Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж буй Монгол Улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэр юм. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монголын залуучуудад мянга мянган ажлын байр бий болгоно. Мөн ШУТИС-ийн хэд хэдэн оюутныг газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлээр сургалтад хамруулахаар Энэтхэг Улсад илгээсэн” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсад боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн инженер, технологич, техникийн ажилтны хэрэгцээ нэмэгдэх тул энэ чиглэлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь салбарын урт хугацааны хүний нөөцийн чадавхтай шууд холбоотой.

Хурлын дараагийн хэсэгт “Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл: Явц ба Хэтийн төлөв” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь газрын тосны салбарын хувьд анхаарал татахуйц хэсэг байлаа.

Тус төсөл нь Монгол Улсын газрын тосны түүхий эдийг дотооддоо боловсруулж, шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилготой стратегийн ач холбогдол бүхий төсөл юм. Хоёр орны эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь газрын тос боловсруулах салбар болж байна.