Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Саусгоби Ресурс" 6.1 сая ам.долларын хүүгийн төлбөрөө 26.1 сая ширхэг хувьцаагаар барагдуулахаар болов

О.Дөлгөөн


Хонконг болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "SouthGobi Resources Ltd." ("Саусгоби Ресурс") компани (TSX-V: SGQ, HK: 1878) 6.1 сая ам.долларын хүүгийн өр төлбөрөө бэлэн мөнгөөр бус, нэмэлт хувьцаа гаргах замаар барагдуулахаар болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, тус компани 2009 оны арваннэгдүгээр сард гаргасан 250 сая ам.долларын хөрвөх өрийн бичгийн хүрээнд хуримтлагдсан хүүгийн төлбөрийг хувьцаагаар авах хүсэлтийг зээлдүүлэгч тал болох "JD Zhixing Fund" (JDZF) сангаас хүлээн авсан байна.

Хэлцлийн хүрээнд, "Саусгоби Ресурс" нь 6.1 сая ам.долларын хүүгийн төлбөрийн оронд 26,143,202 ширхэг энгийн хувьцааг шинээр гаргаж JDZF санд шилжүүлнэ.

Шинээр гаргах эдгээр хувьцаа нь компанийн нийт эргэлтэд буй хувьцааны ойролцоогоор 6.59 хувьтай тэнцэж байна. Нэгж хувьцааны үнийг хүсэлт гаргахаас өмнөх 50 арилжааны өдрийн жигнэсэн дундаж ханш (VWAP) болох 0.3341 канад доллар (0.2333 ам.доллар)-аар тооцжээ.

Энэхүү хувьцаа гаргах ажиллагаа нь Торонтогийн Венчур Биржийн (TSX-V) зөвшөөрөл гарсны дараа эцэслэн баталгаажих бөгөөд компани гүйлгээний явцын талаар тухай бүрд нь олон нийтэд нэмэлт мэдээлэл өгөхөөр болжээ.

(Тайлбар: Олон улсын санхүүгийн зах зээлд хүүгийн төлбөрийг бэлэн мөнгөөр бус хувьцаа болон нэмэлт өрийн бичгээр төлөхийг PIK буюу "Payment-In-Kind" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь компани бэлэн мөнгөний урсгалаа хадгалж үлдэх зорилгоор ашигладаг санхүүгийн түгээмэл хэрэгсэл юм.)