Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БНАКУ энэ сарын 30-наас кобальтын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооно 

О.Дөлгөөн


Дэлхийн кобальтын тэргүүлэгч нийлүүлэгч Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) зах зээл дэх илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлаж, үнийн уналтыг зогсоох зорилгоор 2026 оны 11-р сарын 30-ны өдрөөс эхлэн кобальтын экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоор боллоо.

Тус улсын Стратегийн ашигт малтмалын зах зээлийг зохицуулах, хянах газар (ARECOMS)-аас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэхүү хязгаарлалт нь томоохон үйлдвэрийн уурхайгаас эхлээд гар аргаар олборлогчдын хүртэлх Конгод олборлож буй бүх кобальтыг хамрах юм. Уг шийдвэрийг эрэлт суларч, нөөц хуримтлагдан, илүүдэл нийлүүлэлт үүссэнээс шалтгаалсан зах зээлийн тэнцвэргүй байдлыг засах зорилгоор гаргажээ.

Энэ нь Конго улс дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийг хумих замаар ханшийг нь өсгөхөөр 2025 оны 4-р сараас хойш кобальтын экспортоо зогсоож буй хоёр дахь тохиолдол болж байна. Түүхэн доод түвшнээс түр сэргээд байсан кобальтын үнэ энэ оны дунд үеэс хойш дахин тасралтгүй буурсан юм. Үүнд:

Батерейны үйлдвэрлэлийн эрэлт удааширсан;

Конгогийн квотын системээр зах зээлд нэмж нийлүүлсэн хэмжээ илүүдэл нөөцийг улам нэмэгдүүлсэн;

Спекулятив арилжаа идэвхэжсэн зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлжээ.

ARECOMS-ийн зүгээс экспортыг зогсоосон хугацааг ашиглан квот хуваарилах тогтолцоогоо шинэчилж, нийлүүлэлтийг дэлхийн эрэлттэй илүү оновчтой уялдуулахаар төлөвлөж байна.

Зохицуулах байгууллага уг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сарын дараа зах зээлийн нөхцөл байдлыг дахин үнэлэх ч энэ нь экспортыг автоматаар сэргээнэ гэсэн үг биш гэдгийг онцолсон байна. Цаашид экспортыг дахин эхлүүлэх тохиолдолд экспортын хэмжээ, квотын хуваарилалт болон холбогдох нөхцөлүүдийг тусгасан тусдаа шийдвэр гаргах аж. 

Эх сурвалж: Reuters