Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Зэсийг хүдрээр нь экспортолбол 15%, бүтээгдэхүүн болговол 2.5% хүртэлх нэмэлт АМНАТ төлнө 

О.Дөлгөөн


УИХ-аас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар геологи, уул уурхай, ашигт малтмалын боловсруулалтын салбарын эрх зүйн зохицуулалтад томоохон шинэчлэл хийлээ. Нэмэлт, өөрчлөлтөөр зэсийн боловсруулалтын түвшинтэй уялдсан нэмэлт АМНАТ-ын шатлал, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг шинэ зохицуулалтыг хуульчилсан байна. 

Зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 2029 оноос мөрдөнө

Зэсийн зах зээлийн үнэ тонн тутамд 5,000 ам.доллараас дээш гарсан тохиолдолд бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах АМНАТ-ын хувийг хуульчилжээ.

Үнэ 5,000–9,000 ам.доллар ба түүнээс дээш түвшинд хүрэхэд хүдэр дээр 11–15%, баяжмал дээр 1–5%, харин эцсийн бүтээгдэхүүн дээр 0.5–2.5% нэмж тооцохоор тусгасан байна. Уг зэсийн нэмэлт АМНАТ-ын хувийг 2029 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн дотоодын эрчим хүч, дулаанд зориулсан болон өөрийн хэрэгцээний нүүрсний АМНАТ-ыг борлуулалтын үнэлгээний 2.5 хувь байхаар найруулжээ.

"Чухал ашигт малтмал"-ыг хуульчилж, газрын ховор элементийг тусад нь ангиллаа 

Засгийн газар чухал ашигт малтмалын жагсаалтыг баталж, төрөл, чиглэл тус бүрээр бодлого, стратеги, замын зураг боловсруулан хэрэгжүүлнэ.

Мөн ердийн ашигт малтмалын тодорхойлолтоос "газрын ховор элементүүдээс бусад" гэж салгаснаар газрын ховор элементийн салбарт тусгай бодлого, зохицуулалт баримтлах эрх зүйн суурь тавигдаж байна.

Харин "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэдгийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц эсхүл жилд ДНБ-ий 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой орд хэмээн өөрчлөн найруулжээ.

Баяжуулах үйлдвэр болон маркшейдерт тусгай зөвшөөрөл олгоно

Шинэ зохицуулалтаар баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгож, сунгахаар боллоо. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ зөвшөөрөл тусад нь шаардлагагүй ч ашиглалт, баяжуулалтын явцад үүссэн үүсмэл ордыг бусад хуулийн этгээд ашиглах бол баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй байна. Түүнчлэн зөвшөөрөл болон ТЭЗҮ-д зааснаас өөр төрлийн, эсхүл гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмал баяжуулах, борлуулахыг хориглосон байна.

Мөн уулын ажлын гүйцэтгэл, нөөцийн ашиглалт, овоолгын тогтворжилтод хөндлөнгийн, хараат бус дүгнэлт гаргах маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын иргэнд 3 жилийн хугацаагаар олгохоор тусгажээ.

Хувийн хэвшлийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа хийх "шинэ зам" нээгдлээ 

Тусгай зөвшөөрөл олгогдоогүй, хязгаарлалт/хоригтой талбайтай давхцаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй эсхүл 2 удаа зарлаад хүсэлт ирээгүй талбайд хуулийн этгээд хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж болох зохицуулалт орлоо.

Гэрээг Үндэсний геологийн албатай 2 хүртэл жилийн хугацаагаар байгуулах бөгөөд нэг талбайн хэмжээ 35,000–150,000 га байна. Гэрээний хугацаанд тухайн талбайд бусад этгээдэд тусгай зөвшөөрөл олгохыг хориглох ба гэрээт этгээд олборлох, борлуулах, эрх шилжүүлэх/барьцаалахгүй.

Үүргээ биелүүлсэн хуулийн этгээд гэрээт талбайн 20 хувиас ихгүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах боломжтой бөгөөд зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, 1 удаа 2 жилээр сунгана. Хуулийн нэг нэгжийг 1,000 төгрөгөөр тооцож, тусгай зөвшөөрлийн төлбөрийг ҮСХ-ны хэрэглээний үнийн индексийн өмнөх жилийн өсөлтөөр индексжүүлнэ.

Уурхайн хаалтын мөнгийг урьдчилж тусгай дансанд төвлөрүүлнэ 

Уурхай, баяжуулах үйлдвэрийг нээхээс өмнө нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөө боловсруулж, 3–5 жил тутам тодотгоно.

Хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах хяналтын санхүүжилтийг банк, санхүүгийн хэрэгслээр баталгаажуулах эсхүл тусгай дансанд хуваарийн дагуу төвлөрүүлж, ашиглалтын нийт хугацааны гуравны хоёрт багтаан бүрэн байршуулна (3 хүртэл жилтэй бол эхний жилд бүрэн байршуулна). Нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгч, дүгнэлт гаргуулснаар хөрөнгөө буцаан авах эрх үүснэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээг гааль, татварын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж хяналт тавина.

Нөгөө талд геологи, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмж эвдэх, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг санаатай тасалдуулах, уурхайн гарц хаах, цахилгаан, ус таслахыг хуулиар шууд хориглосон байна.