Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“TMK Energy”: Гурвантэс XXXV төсөлд шинэ цооног өрөмдөхөд бэлэн боллоо 

О.Дөлгөөн


-“TMK Energy” Гурвантэс XXXV төслийн LF-02, LF-03 цооногуудыг амжилттай нөхөн сэргээж, LF-08 цооногийн өрөмдлөгийг энэ долоо хоногт эхлүүлнэ-

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy Limited” (ASX: TMK) компани "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн туршилтын төслийн 2026 оны ажлын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу урагшилж буйг өнөөдөр (2026.11.25) мэдээллээ.

LF-02, LF-03 цооногийг нөхөн сэргээж, дахин ашиглалтад орууллаа

Хөтөлбөрийн хүрээнд LF-02 болон LF-03 цооногийн нөхөн сэргээлтийг амжилттай гүйцэтгэжээ. Ингэхдээ дотор янданг нь шинэчлэн оновчилж, тухайн нөхцөлд тохирсон жижиг насос суурилуулснаар дахин ажиллуулж, гадаргуу дээр ус, хий хэвийн гаргаж эхэлсэн байна. Энэ онд нөхөн сэргээхээр төлөвлөсөн сүүлийн цооног нь LF-06 бол LF-01, LF-04, LF-07 цооногт ижил ажил хийх эсэхийг ирэх саруудын үр дүнг харгалзан шийдвэрлэх юм. 

Нүүрснээс хий чөлөөлөгдөх даралтад хүрсэн нь батлагдав

LF-02 цооногийг нөхөн сэргээхийн өмнө 14 хоног хааж, давхаргын даралтыг ажиглах туршилт хийхэд даралт өмнөх загварчлалын дагуу цаашид буурч буй нь батлагджээ. Насос ажиллаагүй, ус татаагүй байсан ч тус хугацаанд LF-02 цооногоос 25,200 стандарт шоо фут хий ялгарсан байна.

Түүнчлэн нүүрсний давхаргын оройн хэсэгт цооногийн ёроолын даралт 12.7 орчим бар (1,269 кПа) болж тогтворжсон нь нүүрснээс метан хий чөлөөлөгдөж эхэлснийг баталлаа. Цооногийн насосыг дахин ажиллуулахад хийн гарц түр зуур хоногт 14,400 стандарт шоо футад хүрсэн нь өмнөх түвшнээсээ бараг гурав дахин өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь нүүрсний ан цавд хуримтлагдсан хий чөлөөлөгдөж буйн илрэл хэмээн тус компани онцоллоо. 

LF-08 цооногийн өрөмдлөг энэ долоо хоногт эхэлнэ

2026 оны ажлын хөтөлбөрт тусгагдсан цорын ганц шинэ туршилтын цооног болох LF-08-ын өрөмдлөг энэ долоо хоногт эхлэхээр болжээ. Өрөмдлөгийн төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 3-нд талбайд байршуулж, амсрын хамгаалалтын янданг суурилуулаад байсан бөгөөд өрөмдлөгийн баг ирмэгц ажлыг шууд эхлүүлэх юм. Өрөмдлөгийг хоёр долоо хоногийн дотор дуусгаж, богино хугацаанд олборлолтод оруулахаар төлөвлөжээ. Өрөмдлөгийн явцад цооногуудад давхаргын гэмтэл учруулахаас сэргийлж LF-02 цооногийг түр хаах горимд шилжүүлнэ.

Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон: “2026 оны ажлын хөтөлбөрийн санхүүжилт бүрэн шийдэгдсэн. Бид ажлаа амжилттай дуусгаж, 2026 онд төслийн арилжааны ач холбогдлыг нотлох, улмаар 2027 онд нарийвчилсан үнэлгээний шатанд шилжих зорилтынхоо төлөө урагшилж байна” хэмээн мэдэгдлээ.