
Б.Төгс
Чингис хаан баялгийн сан нэгдэл ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК болон Гашуунсухайт авто зам компанийн удирдлага нүүрс тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт (2026.11.25) хийсэн байна.
Тээвэрчдийн зүгээс Тал нутгийн хөгжлийн зам компанийн концессын замын тариф хураамжтай холбоотойгоор экспортын тээвэрт хүндрэл учрах эрсдэл тулгараад буйг илэрхийлжээ. Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буй энэ үед нүүрс тээврийн замын хураамжийн өөрчлөлт нь уг ажлын хэрэгжилтийг удаашруулах эрсдэлтэйг нүүрс тээвэрчдийн холбоод танилцууллаа.
Уулзалтаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тушаалын хэрэгжилтээс нүүрс тээврийн зам дээр үүсэж буй эрсдэлийн талаар онцлон хөндлөө. Шинээр ашиглалтад ороод буй ТТ-ГС чиглэлийн авто замын өндөр тарифтай холбоотой асуудлыг эргэн харж Засгийн газар бодитой шийдвэр гаргахгүй бол тээвэрчид тэг зогсолт хийж болзошгүй байгааг анхааралдаа авахыг хүсчээ. Концессын гэрээгээр шинээр тавигдсан замын хураамж нь тонн тутамд зөвхөн нэг талдаа 3.4 ам.доллар бөгөөд 50 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг тээвэрчдэд тавьж буй юм. Уг төлбөр хураамжаар тээвэрчдийн ажил үйлчилгээ бүрэн алдагдал руу орохоор байгаа ажээ.
Чингис хаан баялгийн сан нэгдэл ХХК нь тээвэрчдийн эрх ашиг болон экспортын эрчмийг хадгалах зэргийг хамтад нь авч үзэхдээ зам тавьж хөрөнгө оруулсан компанийн эрсдэлийг ч мөн давхар тооцох байдлаар Концесс хариуцсан эрх бүхий яам, сайд нарт асуудлыг уламжилсан болохыг дуулгажээ.
Энэ оны байдлаар нүүрсний экспорт 100 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлсэн. Гэвч нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт чиглэлд тавигдсан зам дээр үүсээд буй асуудлыг цэгцлэхгүй бол тээвэрчид тэг зогсолт хийхээс өөр аргагүйд ийнхүү хүрчээ.
