Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Онтрэ Ресурс”: Тусгай зөвшөөрлийн маргааныг 2027 оны 3-р сар гэхэд шийдвэрлэхээр тохирч, “Hugo North Extension”-оос өндөр агуулгатай хүдэржилт илэрлээ

“Онтрэ Ресурс”: Тусгай зөвшөөрлийн маргааныг 2027 оны 3-р сар гэхэд шийдвэрлэхээр тохирч, “Hugo North Extension”-оос өндөр агуулгатай хүдэржилт илэрлээ

Монгол Улсад “Оюу толгой” ХХК-тай хамтарсан төсөл хэрэгжүүлэгч Канадын “Онтрэ Ресурс” (Entrée Resources Ltd.) компани Шивээ толгой, Жавхлантын тусгай зөвшөөрлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэгтэй хийсэн хэлэлцээрийн явц болон “Hugo North Extension” (HNE) ордын өрөмдлөгийн шинэ үр дүнгээ танилцууллаа. Уг мэдээллийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 3.3 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 341 сая ам.долларт хүрээд байна.

Төр 34 хувь эзэмших үү, роялти авах уу гэдгийг 2027 оны эхний улиралд шийднэ

Оюу толгойн гүнийн уурхайн “Hugo North Extension” ордын бүтээн байгуулалтыг саатуулаад буй тусгай зөвшөөрлүүдийн асуудлаар талууд 11-р сарын 9, 10-ны өдрүүдэд уулзаж, 2027 оны 3-рсарын эцэс гэхэд тохиролцоонд хүрэхээр зорьж буйгаа зарлалаа. Хэлэлцээрийн гол зангилаа нь Монголын төр тусгай зөвшөөрөл эзэмшигч “Онтрэ” ХХК-ийн 34 хүртэлх хувийг эзэмших үү, эсхүл оронд нь роялти (АМНАТ) авах уу гэдэг асуудал бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Тус компани өнгөрсөн 3-р сард борлуулалтын нийт орлогоос роялти төлөх санал тавьсан ч албан ёсны хариу аваагүй тул оролцогч талуудтай зөвшилцсөний үндсэн дээр шинэчилсэн санал боловсруулж байна. МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр талуудын дараагийн шатны уулзалт 2027 оны 1-р сард болохоор товлогджээ (шаардлагатай бол 3-р сараас хойш сунгах боломжтой).

Өмнө нь 2025 оны 5-р сард тусгай зөвшөөрлийн маргаанаас үүдэн ажлаа түр зогсоохоос өмнө Шивээ толгойн талбайд гүнийн уурхайн хөндлөн малталтын 230 орчим метр ажлыг гүйцэтгээд байсан юм. Мөн тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэхэд татвар төлсөн тодорхойлолт шаардлагатай ч “үнэлгээний бичиг баримт дутуу” гэх шалтгаанаар татварын алба одоогоор олгоогүй байгаа аж. Энэхүү маргааныг шийдвэрлэснээр Шивээ толгойн талбай руу сунаж тогтсон гүнийн уурхайн “1 дүгээр давхар (Lift 1)”-ийн бүтээн байгуулалт, олборлолтыг дахин эхлүүлэх нөхцөл бүрдэнэ.

“Hugo North Extension”-д зэс, алтны өндөр агуулгатай эрдэсжилт тогтоогдлоо

Мэдэгдлийн хүрээнд 2023–2026 оны хооронд “Оюу толгой” ХХК-ийн гүнийн уурхайн дэд бүтцээс хамтарсан үйлдвэрийн талбай руу чиглүүлэн өрөмдсөн 7 цооногийн шинжилгээний хариуг танилцуулав. Төлөвлөж буй гүнийн уурхайн “2 дугаар давхар (Lift 2)” хэсэгт хийсэн уг өрөмдлөгөөр зэс, алтны өндөр агуулга бүхий интервалууд илэрсэн байна.

Онцлох үр дүнгүүд (өрөмдсөн уртаар):

 UGD1025A цооног: 125.31 метр урт интервалд 1.45% зэсийн эквивалент (1.28% зэс, 0.27 г/т алт, 3.18 г/т мөнгө) агуулга илэрсэн.

 UGD918A цооног: 67.6 метр урт интервалд 1.07% зэсийн эквивалент (0.95% зэс, 0.203 г/т алт, 2.19 г/т мөнгө) агуулгатай.

 UGD918 цооног: 65.73 метр урт интервалд 1.02% зэсийн эквивалент (0.91% зэс, 0.159 г/т алт, 2.40 г/т мөнгө) агуулгатай.

Мөн 2026 оны хөтөлбөрийн хүрээнд Hugo North Extension ордод гүнийн 14, гадаргуугийн 2 цооног, бүс нутгийн хайгуулын хүрээнд Улаан худаг өмнөд болон Херуга баруун хэсэгт нийт 2,060.9 метр бүхий 3 цооног өрөмдсөн бөгөөд ихэнх дээжийн шинжилгээний хариу хүлээгдэж байна. Түүнчлэн Оюу толгойн хаягдлын санг өргөтгөх талбайг баталгаажуулах зорилгоор 8 цооног (4,500 м) өрөмдсөнөөс эхний 5 цооногт хүлээгдэж байсны дагуу ашигт малтмалын илэрц гараагүй нь тус талбайг бүтээн байгуулалтад ашиглах боломжтойг харуулжээ. Онтрэ компани 2027 оны эхний улиралд багтаан ордын нөөцийн шинэ загвар бүхий шинэчилсэн Техникийн тайлангаа гаргахаар төлөвлөж байна.