Компанийн мэдээлэл
Хятадын “Baowu” групп гангийн TISCO компанийг эзэмшлээ
Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр хоёрт орж буй “China Baowu Steel Group” нь бүтцээ шинэ компаниар өргөжүүлж байна. Тодруулбал, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Taiyuan Iron & Steel Co Ltd“ (TISCO) компанийн хяналтын багцыг эзэмшигч боллоо. Өнгөрсөн долоо хоногт (2020.08.21)“China Baowu Steel Group” нь TISCO компанийн 51%-ийг эзэмших тохиролцоонд хүрсэн тухай Хятадын Шэнжэний хөрөнгийн бирж мэдээлсэн байна. Энэхүү хувь эзэмшил нь 14.5 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын төрийн бодлогоор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд “Baowu” групп нь TISCO компанийн 51%-ийг эзэмшихдээ мөнгө төлөхгүй аж. Тус компанийг эзэмшснээр “Baowu” группын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 111 сая тоннд хүрнэ.
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2020.08.25) гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч 2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ.
Удоканы зэсийн ордын хөрс хуулалтыг эхлүүлнэ
ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ. Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын холбооны/агентлагийн Хатуу ашигт малтмал боловсруулах төв комиссийн хуралдаанаар баталсан байна.
“Чухамдаа бид ордын олборлолтыг эхлүүлж байгаа юм. Энэ үйл явдлыг зэсийн салбар бараг 70 жил хүлээсэн. Ордын баруун хэсгийн уурхайг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд 1.1 сая гаруй тонн хүдэр олборлохоор төлөвлөж байна” хэмээн “Байгалийн уул уурхайн компани”-ийн ТУЗ-ийн дарга Валерий Казикаев мэдэгджээ.
“Айвенхоу Майнз”, “China Nonferrous Metal Mining” компаниуд стратегийн түнш боллоо
Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “China Nonferrous Metal Mining” (CNMC) компаниуд стратегийн түншлэлийн баримт бичиг үзэглэжээ. Энэ дагуу компаниуд Африкт ашигт малтмалын ордуудыг ашиглахад хамтран ажиллах аж. Юуны түрүүнд, Конго дахь зэсийн болон бусад металын ордын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. “Айвенхоу Майнз” компанийн хувьд Конго дахь зэсийн “Камоа-Какула”, цайр, зэсийн “Кипуши”, Өмнөд Африк дахь платинумын бүлгийн металын “Plantreef” зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
“Оюутолгой” 2020 оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөв
“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. “Оюутолгой” компани энэ оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсний сацуу оны эхний хагасын байдлаар улсад 134 сая ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байгаагаа мэдээллээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар улиралд хилийн нэвтрэлт сайжирснаар баяжмалын борлуулалт нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Туркойз Хилл: Оюутолгойн далд уурхайн зэсийн нөөц 18%-иар буурав
Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн баасан гаригт (2020.07.03) ордын нөөцийн шинэчилсэн тайлан болон техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Оюутолгойн далд уурхайн төслийн ашиглалтад орох хугацаа 2016 оны ТЭЗҮ-д дурдсантай харьцуулахад 21-29 сараар хойшилно. Энэ нь 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд далд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн үг. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллар дээр нэмж 1.3-1.8 тэрбум ам.доллар шаардагдахаар болжээ.
BHP, Baosteel компаниуд блокчейн платформоор төмрийн хүдрийн худалдаа хийжээ
Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани “BHP group” нь анх удаа блокчейн платоформ ашиглан төмрийн хүдэр борлуулжээ. Тодруулбал, Хятадын “Baosteel” компанитай 14 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Энэхүү худалдаа нь Канадын технологийн “MineHub Technologies” компанийн боловсруулсан блокчейн платформоор хийгдсэн аж. “BHP group”-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Михел Ховерс “Уг платформыг ашиглан худалдааны гэрээг боловсруулж, баримт солилцон, ачааны тээвэрлэлтийн цаг хугацааг хянасан” гэдгийг тайлбарлажээ. Тус компани цаашид уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны төлбөр, баримт бичгийн боловсруулалтыг түргэвчлэх, тээвэрлэлтийг хянахад блокчейн платформыг ашиглахаар төлөвлөж буй аж.
“Колмар” компани өөрийн боомтоос коксжих нүүрс экспортолж эхэллээ
Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Алс Дорнод дахь “Ванино Транс уголь” боомтыг байгуулж байгаа бөгөөд туршилтаар коксжих нүүрсний анхны экспортыг Хятад руу хийлээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд эхний 38.5 мянган тонн коксжих нүүрс, дараагийн өдөр 45.5 мянган тонныг далайгаар тээвэрлээд байна. “Ванино Транс уголь” боомтын эхний ээлжийн 12 сая тоннын хүчин чадалтай терминалыг ийнхүү ашиглалт оруулж байгаа бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлэх аж.
“Колмар” компанийн тухайд, Өмнөд Якутын нутагт “Денисовский”, “Инаглинский” гэсэн нүүрс баяжуулах цогцолбор төслийг хэрэгжүүлж байна. 2021 онд Алс Дорнод дахь өөрийн эзэмшлийн “Ванино Транс уголь” боомтоор 22 сая тонн коксжих нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй.
Засгийн газар “Оюутолгой”-той эрчим хүчний тохиролцоонд хүрлээ
Засгийн газар төрийн өмчийн станцтай холбогдох эрчим хүчний асуудлаар Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанитай тохиролцоонд хүрсэн талаар мэдээллээ. Уг тохиролцооны хүрээнд, одоогийн мөрдөгдөж буй Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж байна. Энэ дагуу төр Тавантолгойн станцын санхүүжилт, барилгын ажлыг бүрэн хариуцахаар боллоо. Энэхүү өөрчлөлтүүд нь Эрчим худалдан авалтын гэрээ байгуулах, станцыг барьж байгуулах хугацаатай холбоотой юм. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сард багтаан Эрчим хүчний худалдан авалтын гэрээг талууд үзэглэх, улмаар мөн оны долдугаар сарын 1-нээс хойшлуулахгүйгээр станцын барилгын ажлыг эхлүүлэх зорилтууд багтсан байна.
“Ачит Ихт” ХХК улирлын ногдол ашгаа хуваариллаа
Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны долоо дахь улирлын ногдол ашгаа өчигдөр хуваарилжээ. Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх замаар олгож, 2018 оны есдүгээр сараас эхлэн “Ачит зэс” ХК-иараа дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг хүртээж байгаа бөгөөд улирал бүрийн сүүлийн сарын 15-нд олгодог ногдол ашгаа энэ удаа ч ийнхүү хугацаанд нь олголоо.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн тоног төхөөрөмжийн угсралт эхэлжээ
Оросын Забайкалийн хязгаар нутагт орших зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн билээ. Энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлж байна. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавиад байгаа юм. Тавдугаар сарын байдлаар, БАМ-ын төмөр замын “Новая Чара” өртөөн дээр байнгын үйл ажиллагаатай гаалийн бүс байгуулжээ. Ингэснээр гаалийн үйл ажиллагааг түргэтгэж, тэр хэрээр УБҮ-ийн бүтээн байгуулалт хурдан явагдах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Удоканы УБҮ-ийн тоног төхөөрөмжийг Финляндын “Outotec” компани нь дэлхийн 43 орноос татах аж.
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ
Байгальд ээлтэй дахин боловсруулах үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулж, хаягдал нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад экспортлох төслийн эхлэл өнөөдөр /2020.06.10/ тавигдаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК болон БНКАЗУ-ын “Эрдэс түүхий эд боловсруулах иж бүрэн цогцолбор төв”, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компани, “Коэус консалтинг” компани хооронд 4 талт санамж бичиг байгууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компанийг төлөөлж Монгол дахь төлөөлөгч Н.Цэнд-Аюуш нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
“Zijing Mining” компани Түвдийн зэсийн 2 уурхайд хяналтын багцыг эзэмшив
Хятадын зэс, алтны томоохон үйлдвэрлэгч “Zijing Mining” компани нь 3.88 тэрбум юань буюу 548 сая ам.доллараар Түвдийн автономит тойрог дахь зэсийн 2 уурхайн 51%-ийн хяналтын багцыг худалдан авчээ. Энэ нь “Qulong”, “Zhibula” уурхай юм. Хамгийн ирээдүйтэй төсөл нь 2037 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Qulong” уурхай бөгөөд жилд 30 сая тонн хүдэр олборлодог байна. “Zijing Mining” компани эдгээр уурхайг худалдан авсан нь Хятадад зэсийн хомсдол үүсч буйтай холбоотой аж. Коронавирусын улмаас тус улсад зэсийн хэд хэдэн уурхай хаагдсан юм.
Рио Тинто болон аборигенчууд хооронд зөрчилдөөн үүсчээ
Дэлхийн уул уурхайн “Рио Тинто” компани болон Австрали улсын уугуул иргэдийн (абориген) хооронд зөрчилдөөн үүсчээ. Тус компани нь Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайгаа өргөтгөхдөө Жуукан хавцлыг дэлбэлжээ. Энэ нь нутгийн уугуул иргэдийн эртнээс шүтэж ирсэн 46 мянган жилийн настай хоёр хавцал аж. Үүнээс үүдэж компани, нутгийн уугуул иргэдийн дунд зөрчилдөөн үүссэн байна. "Рио Тинто компани нь Жууканы хавцалд тэсэлгээний ажиллагаа явуулснаар нутгийн уугуул ард түмэнд хүндэтгэлгүй хандаж, харилцааг зөрчиж байна" гэж Австралийн Аборигений эвслийн удирдагч мэдэгджээ. Нутгийн эртний өв соёлыг устгахыг эсэргүүцэж олон мянган аборигенчууд Австралийн Перт хот дахь “Рио Тинто” компанийн төв байрны гадаа жагсаад байна.
"Шивээ-Овоо"-ийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо
“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТОП 100-г манлайллаа
Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
Монголоор дайрах “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг 2020 онд дуусгана
Оросоос Монголын нутгаар дайран Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг “Газпром” компани эхлүүлж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Мллер мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины үүргийн дагуу “Газпром” компани нь байгалийн хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. А.Миллер мэдэгдсэнээр, Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг “Сибирийн хүч 2” хоолойгоор Монголын нутгаар дамжуулан Хятад руу экспортлох төсөөлөлтэй. Зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөжээ. “Сибирийн хүч 2” хоолойн бүтээн байгуулалт 5-6 жил үргэлжилнэ гэж Оросын зарим шинжээчид үзэж байна.
“BHP Billiton” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ
Энэ долоо хоногийн мягмар гаригт “BHP Billiton” групп нь Хятадын төмөрлөгийн “Baosteel” компанид төмрийн хүдэр нийлүүлэхдээ төлбөрийг анх удаа юаниар хийж эхэлснээ мэдэгдэв. Hийт 100 сая юань буюу 14.1 сая ам.долларын худалдаа хийжээ. Нэгдүгээр сард, “Baosteel” компани юаниар Бразилийн “Vale” компаниас төмрийн хүдэр худалдан авсан байна. “Vale”-ийн хувьд төмрийн хүдрийн худалдаандаа 2016 оноос юанийн төлбөрийг нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн онд “Baosteel” нь “Rio Tinto” групптэй юаниар төлбөр хийх худалдааны гэрээ байгуулсан юм. 2019 оны дөрөвдүгээр сараас Австралийн “Fortescue Metals” групп мөн Хятадын зах зээлд нийлүүлж буй төмрийн хүдрийн худалдааны төлбөрийг юаниар хийж байна.
Хятадын компани литийн ордын хувь эзэмшлээ худалдахаар төлөвлөжээ
Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар, “Albemarle” компани төслийн 49%-ийг эзэмшиж байна. Төслийн хяналтын багцыг “Tianqi” компани эзэмшдэг. Хятадын компани нь 6 тэрбум ам.долларын өр төлбөрөө багасгах зорилгоор “Greenbushes” төсөл дэх тодорхой хувиа худалдана гэдгээ мэдэгджээ. Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг.
“Arcelor Mittal”: Ногдол ашиг олгохгүй, хөрөнгө оруулалтаа 4 дахин танана
Коронавирусын хязгаарлалт гангийн эрэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд нийлүүлэлт 33%-иар танагдан, орлого буурна гэж “Arcelor Mittal” компани өөрийн үйл ажиллагааны талаар мэдэгджээ. Тус компани ногдол ашиг олголтоо царцааж, энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа 4 дахин бууруулахаар болсон байна. Ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Arcelor Mittal” компанийн Санхүү хариуцсан захирал Адитья Миттал “Тодорхойгүй байдлаас үүдэн хоёрдугаар улиралд компанийн үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Хэдийгээр Европын холбоо, Энэтхэг болон АНУ-ын зарим мужид автомашины үйлдвэрлэл сэргэж, Хятадад мэдэгдэхүйц идэвхжиж байгаа ч гангийн зах зээлийг урьдчилан таамаглахад бэрх байна” хэмээжээ.