Шинэ мэдээ
Монголын металлургичдын анхны цахим сэтгүүл гарлаа
Металлургийн салбарын тухай мэдээ мэдээлэл эх хэл дээр маш хомс байдаг тул металлургич мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд анхны цахим сэтгүүлийг эрхлэн гаргажээ. “Монголын Металлургичдын виртуал уулзалт 2021”-ийн үр дүнд тус цахим сэтгүүл бүтсэн ба энэхүү уулзалт, арга хэмжээ энэ онд мөн зохион байгуулагдах юм байна. Сэтгүүлд “Монгол улсын Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүсийн төмрийн хүдэрт агуулагдах кобальтыг ялгах боломжийн тухай” зэрэг олон сонирхолтой нийтлэл хэвлэгджээ.
Индонез нүүрсний экспортын хоригоо эргэн харж магадгүй
Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонез улс энэ оны нэгдүгээр сарыг дуустал нүүрсний экспортод хориг тавих тухай (2021.12.31) зарласан билээ. Энэ нь дотоодын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулах зорилготой байв. Уг шийдвэрийг дотоодын олборлогчид нэлээд шүүмжлэлтэй хүлээж авсан. Учир нь тус улсын хилийн чанад дахь худалдан авагчдын дунд “найдвартай нийлүүлэгч” гэсэн нэр хүндийг нь унагасан үйлдэл болно гэж анхааруулжээ. Тэгвэл уг шийдвэрийг эргэн хянах уулзалт өнөөдөр (2022.01.06) болох юм байна. Зах зээлийн тоглогчид уг уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж сууна. Хориг заавал нэг сар үргэлжлэхгүй байж мэдэх тухай таамгийг хэд хэдэн шинжээч өгч байна.
Цагаан алтны үнэ 2022 онд буурна
Сүүлийн жилүүдэд эрэлт нь нэмэгдэж байсан цагаан алтны (платинум) үнэ 2022 онд буурах магадлалтай байна гэж Дэлхийн Платинум хөрөнгө оруулалтын зөвлөл (WPIC)-ийн тайланд онцолжээ. Энэ нь автомашины катализаторт ашигладаг уг үнэт металлын илүүдэлтэй холбоотой ажээ.
“Build Mongolia 2022” ирэх 4-р сард зохиогдоно
“Build Mongolia 2022” олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2022.01.05) УИХ-ын дарга Г.Занданшатарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан байна.
Г.Ёндон: Хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална
Хайгуулын хувьд, сүүлийн жилүүдэд лиценз олноор нь цуцалсан боловч сонгон шалгаруулалтаар шинээр олгох нь тун цөөхөн байгаа учир цаашид нэмэгдүүлнэ. Хайгуулын ажил олон улсад 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүнд явдаг. Энэ нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй. Гэтэл манайд хайгуулын 900 тусгай зөвшөөрөл байхад, ашиглалтынх нь 1,700 орчим байна. Тиймээс хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална гэдгээ давтан хэлье.
Нефтийн үнэ огцом буурахгүй
Нефть экспортлогч орнуудын холбоо (ОПЕК)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо AP агентлагт ярилцлага өгөхдөө энэ онд нефтийн үнэ огцом буурахгүй гэдгийг онцолжээ.
“Эрдэнэс Монгол”-ыг Хөгжлийн сан болгох төлөвлөгөө
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ 2021 ондоо багтан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа юм. Баялгийн сан байгуулах асуудлыг 2008 оноос хойш ярьсаар байгаа бөгөөд 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаас улам эрчимжлээ.
Нүүрсний экспорт 2021 онд 44%-иар буурав
2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс, авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Өнгөрөгч 2021 онд 21.3 сая тонн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.
ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ
Олон улсын эрчим хүчний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ-ын эрчим хүчний экспорт 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 2.3 дахин өсчээ. “Известия” сонинд бичсэнээр тус улс 2021 оны арванхоёрдугаар сард л гэхэд 2.7 тэрбум кВт эрчим хүч экспортолсон байна.
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчийг “ногоон” ангилалд оруулна
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг тодорхой нөхцөл хангасан тохиолдолд "ногоон" ангилалд оруулах тухай саналыг урьдчилсан байдлаар (2021.12.31) танилцууллаа. Европын холбоо ногоон хөрөнгө оруулалтын жагсаалтыг боловсруулж гаргасан байдаг ч эдгээр хоёр эх үүсвэрийг нэмж оруулах асуудал эцэслэгдээгүй байгаа юм. Байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэр нь бүрэн "ногоон" ангилалд ордоггүй ч нүүрсний станцыг халах шилжилтийн хувилбар байх болно гэсэн санааг Европын Комисс дэвшүүлжээ. Тус саналыг боловсруулан энэ сарын сүүлээр эцсийн хувилбарыг танилцуулахаар зэхэж байна. Хэрэв саналыг Европын дийлэнх улс орон дэмжин баталбал 2023 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Las Bambas зэсийн уурхайн олборлолтыг сэргээнэ
Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг болох Las Bambas-ын олборлолтыг орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас арванхоёрдугаар сарын 18-нд зогсоосон билээ. Тэгвэл компани болон орон нутгийн иргэд зөвшилцөлд хүрснээр уурхайн олборлолтыг эргэн сэргээх болсон тухай уурхайн төслийг хэрэгжүүлэгч “MMG” компанийн төлөөлөл мэдэгдсэн (2021.12.30) байна. Олборлолтыг сэргээхэд 5-6 хоног шаардлагатай ажээ.
Коксжих нүүрсний эрэлт 2022 онд нэмэгдэнэ
Дэлхийн нүүрсний эрэлт 2021 онд 6%-иар өссөн нь экологитой холбоотой олборлолтыг багасгах зорилтод сөргөөр нөлөөлж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг "Нүүрс-2021" тайландаа онцолжээ. Энэ байдал цаашдаа эрчим хүчний болон коксжих нүүрсний олборлолтыг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэж болзошгүй юм.
2021 он: Дэд бүтцийн төслүүд амжилттай хэрэгжсэн он байлаа
Монголын уул уурхайн салбар 2021 онд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон хүндрэл бэрхшээлийг даван туулсаар шинэ онтойгоо золгож байна. Хэд хэдэн удаагийн хөл хорио, хил гаалийн хаалттай байдал уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа, хэрэгжих бэлтгэлдээ орсон олон төслийг удаашруулж, багагүй эрсдэлд оруулсан билээ. Хэдий тийм ч Засгийн газар, салбарын яамны зүгээс цаг үеийн хүнд бэрх нөхцөлд нийцсэн олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3%-иар буурна
Хятадын Төмөр, гангийн холбоо (CISA) энэ онд тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 35 сая тонн буюу 3.3%-иар буурч 1.03 тэрбум тоннд хүрэх төлөвтэй гэж танилцууллаа. Өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 65 сая тоннд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм. Харин тус улсын гангийн хэрэглээний хувьд энэ онд 2020 онтой харьцуулахад 5.5%-иар буурч 990 сая тоннд хүрэхээр байгаа ажээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадын гангийн хэрэглээ буурах дүр зураг тодорлоо.
Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтэд зээл ашиглахыг "хориглов"
“Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анх өргөн баригдсан хувилбарт ямар өөрчлөлт оруулан (2021.12.30) баталсныг тэмдэглэн албан бус байдлаар хүргэж байна. Тогтоолын төслийг өөрчлөн баталснаар Оюутолгойн төсөл дэх Монголын талын 34%-ийн эзэмшилд оногдох өрийг тэглэх нөхцөл бүрдлээ.
УИХ: Оюутолгойн тогтоолын төслийг баталлаа
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах томъёоллоор санал хураахад 74.1%-иар дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдлаа.
Оюутолгойн тогтоолын төслийг Түр хороонд шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сэдвийн хүрээнд гишүүд асуулт асууж, санал солилцож, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 75.4%-ийн саналаар дэмжигдлээ. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүллээ.