Шинэ мэдээ
Дэлхийн кобальтын зах зээлд илүүдэл үүснэ
2022-2024 онд дэлхийн кобальтын үйлдвэрлэлийн нийлүүлэлт зах зээлийн эрэлтийг давна гэж “S&P Global Intelligence” тооцжээ. Цахилгаан машины гол эд анги болох литийн зай хураагуурын үндсэн түүхий эдийн тоонд кобальт ордог. Кобальтын зах зээлд илүүдэл үүсэх шалтгаан нь шинэ төслүүд ашиглалтад орохтой холбоотой аж. Энэ онд кобальтын үнэ дунджаар 50%-иар өсөх таамгийг "Platts” дэвшүүлжээ. Тус агентлагийн судалгаагаар, 2021 онд дэлхийн зах зээл дээр 1.8 мянган тонн кобальтын хомсдолтой байгаа ч 2022 оноос илүүдэл үүсч 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй.
“Эрдэнэс Монгол” БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэнтэй санамж бичиг үзэглэлээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй (2021.10.05) цахимаар уулзав. Энэхүү уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “СЭХСХ-тэй нүүрсний чанар, илчлэгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа баяртай байна” гэлээ.
Чингэлэг тээврийн терминалын тээврийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн компаниуд хариуцна
“Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа. Ингэснээр терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал болон төслийн үйл ажиллагааг тус компаниуд хариуцан ажиллахаар болж байна.
“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны захиалгын нээлтийн ёслол боллоо
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт таван сая ам.доллар буюу 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захилгыг энэ сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч эхэллээ. Энэхүү хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр канад доллараар арилжаалагддаг тул валютын ханшийн эрсдлээс хамгаалагдсанаас гадна хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой тул хувьцааны хөрвөх чадвар сайтай гэдгээрээ давуу талтай юм.
“Evergrande”-ийн санхүүгийн хүндрэл улам гүнзгийрэх төлөвтэй
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” групп нь 2024 онд барагдуулах бондын 9.5%-ийн хүүгийн төлбөр 45.2 сая ам.долларыг өнгөрсөн лхагва гаригт (2021.09.29) төлөх үүрэгтэй байсан. Уг тогтсон хугацаанд төлбөрөө төлөөгүйг тус группын хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө есдүгээр сарын 23-нд дуусгавар болсон хүүгийн 83.5 сая долларын төлбөрийг мөн төлөөгүй талаараа “Evergrande” групп олон нийтэд тайлбар хийгээгүй аж. Хуулиар 30 хоногийн хугацаанд хүүгээ төлөөгүй бол дефолт зарлана.
Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй
Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компани далд уурхайн төслийн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай mining.com мэдээлсэн байна.
Наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн тайлангаар, далд уурхайн зардлын хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн хүндрэлээс бус, “Рио Тинто”-гийн алдаатай менежментийн улмаас үүдсэн гэж дүгнэсэн юм. Тэгвэл уг дүгнэлтийн хариу болгож "Рио Тинто" компани нь төслийн зураг төслийг дахин шинэчлэхэд хүргэсэн чулуулгийн тогтоц тооцоолсноос сул болж ирсэн нөхцөл байдлын нөлөөллийг тайланд бүрэн авч үзээгүйг Монголын Засгийн газарт илэрхийлжээ.
“Эрдэнэ Ресурс” нэмэлт хувьцааны арилжаагаар 14.2 тэрбум төгрөг босгоно
Баянхонгор аймагт Баян Хөндий алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж байна. Тодруулбал нэмэлт хувьцааны арилжаагаар нийт 14.25 тэрбум төгрөг (5 сая ам.доллар)-ийн санхүүжилтийг Монголын хөрөнгийн захаас бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Коксжих нүүрсний ханш шинэ дээд амжилт тогтоолоо
Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Хамгийн сүүлд 2011 онд Австралийн гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан. Энэ удаад Хятад улс гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээ үлэмж буурсан нь үнэ өсөхөд нөлөөлөв.
Австрали стратегийн металын салбарт 1.5 тэрбум долларын зээл олгоно
Австрали улс стратегийн чухал эрдэс түүхий эдийн олборлолтын төслүүдэд 1.5 тэрбум ам.долларын зээл олгох талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон (2021.09.28) мэдэгджээ. Лити, газрын ховор элементийн төслүүд нь олборлолт, боловсруулалтын хувьд илүү төвөгтэй байдгаас санхүүжилт олоход амаргүйд тооцогддог. Иймээс тус улсын Засгийн газар ногоон металуудын төсөлд зориулж санхүүжилт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нүүрсний экспортыг ирэх оны төсөвт 36 сая тонноор тооцжээ
Ирэх оны төсөвт нүүрсний экспортын төсөөллийг энэ оныхоос огцом нэмэгдүүлж 36 сая тонноор тооцсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Энэ нь 2019 оныхтой адил хэмжээ юм. 2021 онд төсвийн тодотгосон дүнгээр 28 сая тонн нүүрс экспортлохоор манай улс төлөвлөж байсан ч гүйцэтгэлээр 16 сая тонн хүрэхгүй нүүрс нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ. Нүүрсний ханш нэмэгдсэнээр төсөвт оруулах орлогын төлөвлөгөө бүрэн биелж байгаа ч экспортын илүү их орлого төвлөрүүлэх боломжоо алдаж буйг Сангийн сайд онцоллоо.
Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 4.5%, ирэх онд 5.2%-иар өснө
Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5%-иар, 2022 онд 5.2%-иар өсөх төсөөлөлтэй байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна.
“China Minmetals”, “Chinalco” корпораци нэгдэнэ
Хятадын төрийн “China Minmetals” нь бүтцэдээ стратегийн өөрчлөлт хийж “Chinalco” корпорацитай хувь эзэмшлээ нэгтгэхээр хэлэлцэж байна. Энэ талаар, газрын ховор металын “China Minmetals”-ийн охин компани “China Minmetals Rare Earth” мэдээлжээ. Шэнзэнийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “China Minmetals Rare Earth” нь толгой корпорацийн бүтцийн шинэчлэлийн тухай тодорхой дурдаагүй аж. Нэгдэх хэлцэл нь Төрийн дээд байгууллагаар зөвшөөрөгдөх ёстой. Тиймээс одоогоор, талууд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
8 хоногийн АИ-92 шатахууны нөөц Орос, Хятадаас импортлоно
Аи-92 шатахууны бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43.44 мянган тонн шатахуун (автобензин 33.3 мянган тонн, дизелийн түлш 10.14 мянган тонн) шатахуун худалдан авах захиалга өгсөн. Энэ сарын 27-30-нд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 шатахуун орж ирэх ба энэ манай улсын АИ-92 шатахуун ердийн 8 хоногийн нөөц юм.
Эхний найман сард Хятад 30.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ
Наймдугаар сард, Хятад улс 4.68 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 24.14% өссөн үзүүлэлт юм. Гэлээ ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.7%-иар буурсан байна. Эхний найман сард тус улсын импортолсон коксжих нүүрсний нийт хэмжээ 30.74 сая тонн байгаа юм. 2020 оны мөн үеийнхээс 41.6%-ийн бууралттай байна.
“Bank of China”: Аравдугаар сараас эхлэн нүүрсний төсөл санхүүжүүлэхгүй
Аравдугаар сараас эхлэн Хятадын “Bank of China” банк нь нүүрсний олборлолт болон эрчим хүчний төслүүдийг шинээр санхүүжүүлэхгүй болсноо мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган (2021.09.21) дээр Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэх тухай мэдэгдэлтэй холбоотой аж. “Bank of China” нь 1 их юанийн (154.7 тэрбум ам.доллар) санхүүжилтийг “ногоон” салбарт зарцуулах ба 2021-2025 онд XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд жил бүр “ногоон” зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн “ногоон” технологийг дэмжих зээлийг түлхүү олгохоор болжээ.
Нүүрс тээврийн 660 автомашин хил нэвтэрчээ
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор (2021.09.22) нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан.
“China Evergrande”-ийн мэдэгдэл төмрийн хүдрийн ханш өсөхөд нөлөөлөв
Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” асуудлыг тусгасан.
Дэлхийн хэмжээнд 1.32 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ
“Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна. Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна.
Хятадын зэсийн импорт буурсаар байна
Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна. Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж. 2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.