Компанийн мэдээлэл
Оюутолгой 2020 онд 1.1 тэрбум долларын орлоготой ажиллажээ
Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани 2020 оны үйл ажиллагааны санхүүгийн тайлангаа мэдээллээ. Цар тахлын хүнд хэцүү жилд уурхайн үйл ажиллагааны бас нэгэн амжилттай жилийг бүтээж чадсаныг тус компанийн ТУЗ-ийн тэргүүн Peter Gillin онцоллоо. Өнгөрсөн онд ерөнхийдөө Оюутолгой уурхайн хувьд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөний хүрээнд байсан бол алтных төлөвлөгөөг давж биелжээ. 2020 онд Оюутолгой уурхайн борлуулалт 1.08 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 7.5%-иар буурсан дүн юм. Үүнд ил уурхайн хүдрийн алтны агуулга буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт орлогын 797.3 сая ам.долларыг зэс, 265.7 сая ам.долларыг алт, 15.2 сая долларыг мөнгөнөөс бүрдүүлжээ.
“Coal India” компани 32 төсөлд 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Энэтхэгийн нүүрсний “Coal India” компани хөрөнгө оруулалтын багц төлөвлөгөө баталжээ. Тодруулбал, тус компани нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор нийт 32 төсөлд 473 тэрбум рупийн (6.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд, шинээр 8 төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж буй 24 уурхайг өргөтгөх юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд 32 төслийн нүүрсний үйлдвэрлэл жилд 193 сая тоннд хүрэх аж. Ингэснээр гаднаас нүүрсний импортыг бууруулах ач холбогдолтойг “Coal India” компани мэдэгдсэн байна.
“Baowu Steel” групп гангийн үйлдвэрийн шинэ төсөл хэрэгжүүлнэ
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Fujian Sangang” компанитай хамтран Хятадын Фужян мужид гангийн үйлдвэр байгуулах гэрээ үзэглэжээ. Энэхүү төсөл нийт 20 тэрбум юанийн (3.09 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалттай бөгөөд хамтрагч талууд 50:50%-ийн хөрөнгө гаргах аж. Шинээр байгуулах үйлдвэр нь жилд 3.22 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 онд Фужян муж нийт 38.6 сая тонн ган үйлдвэрлэжээ. Тус мужид ган үйлдвэрлэлээр “Baosteel Desheng”, “Tsingshan” болон “Fujian Fuxin Special Steel” зэрэг компани тэргүүлдэг байна.
Туркойз Хилл-ийн захирал солигдов
Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь (2021.03.03) огцруулжээ. Тэрээр 2018 оны долдугаар сарын 30-наас эхлэн Туркойз Хилл-ийн захирлаар ажиллаж байсан юм. Оюутолгой төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай нэгдсэн шийдэлд хүрэхээр “Туркойз Хилл Ресурс” хэлэлцэж байна. Ийм үед Туркойз Хилл-ийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн Улф Куэлманныг ажиллуулах нь компанийн дээд эрх ашгийн үүднээс төдийлөн зохимжгүй гэж үзжээ. Хэрэв цаашид ажиллуулах тохиолдолд ирэх тавдугаар сард болох Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Улф Куэлманныг дэмжихгүй гэдгээ “Рио Тинто” компани мэдэгджээ.
Японы компаниуд Оросын коксжих нүүрсний төсөлд хамтарна
ОХУ-ын “Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих” агентлагаас Японы хөрөнгө оруулагчидтай албан уулзалт зохион байгуулжээ. “Марубени”, “Сожиц”, “Иточу”, “Сумитомо”, “Мицуи” компани болон “Газрын тос, нүүрс, металын корпораци” (JOGMEC), Японы гадаад худалдааг дэмжих байгууллагаас Оросын коксжих нүүрсний олборлолт, гадаад зах зээлд нийлүүлэх төслүүдийг сонирхож буйгаа илэрхийлжээ. Оросын коксжих нүүрсийг Алс Дорнодын боомтуудаар шууд Японы зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тус уулзалтаар Японы тэргүүлэх компаниудын төлөөлөгчид Оросын нүүрсний “Долгучан” компанитай хэлэлцээр эхлүүлжээ.
Газрын тос дамжуулах хоолой барих төслийн сонгон шалгаруултыг зарлажээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (2021.03.03) “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дорнод аймгийн нутаг дахь Тамсагийн ордоос түүхий тос дамжуулах 530 км урт хоолой, шаардлагатай дагалдах байгууламжийн хамт иж бүрнээр барих төсөл юм. Энэ нь Дорноговь аймгийн нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын хариуцах хамгийн том хөрөнгө оруулалт юм. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг урт хугацааны бага хүүтэй эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж УУХҮЯ-наас мэдээлжээ.
Алтан цагаан овоо ордын нөөц 2 дахин нэмэгджээ
“Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
“Рио Тинто”-ийн борлуулалтын орлого 44.6 тэрбум долларт хүрэв
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
Зэсийн Быстринский төсөлд Орос, Хятадын компаниуд опцион гэрээ байгуулав
Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр, опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
Монгол Улсын татварын актыг “Оюутолгой” компани хэрэгжүүлэн төлбөр барагдуулж эхэллээ
Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна. Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.
Бүрэн автомат технологитой тэсрэх бодисын үйлдвэр ашиглалтад орно
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж. Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
“Рио Тинто” PCR оношилгооны цогц лабораторыг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө
“Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.
Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нөхцөлтэй газар дээр нь танилцана
Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ггүйцэтгэх захирал Д.Хаянхярваа тэргүүтэй албаны хүмүүс (2021.02.16)ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагуудтай онлайнаар хуралджээ. Талууд “Сибирийн хүч 2”-ийн хийн хоолойг Монголын нутгаар барих хэсгийн төслийн ТЭЗҮ-ийг хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Хурлаар төслийн “Эрдэнэс Газ” нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд ОХУ-аас байгалийн хийг БНХАУ-ад нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцыг танилцуулжээ. Одоогийн байдлаар байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай материалыг бэлтгэн “Газпром” компанид хүргүүлсэн аж.
“Mitsubishi” компани Чилид зэсийн уурхайн хувь эзэмшжээ
Чилийн зэсийн “Mantoverde” уурхайн 30%-ийг 275 сая ам.доллараар Японы “Mitsubishi Materials” компани худалдан авчээ. Энэхүү хэлэлцээр 2020 оны хоёрдугаар сараас эхэлсэн ч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлуулсан байна. “Mantoverde” уурхайн хяналтын багцыг Их Британийн “Mantos Copper” компани эзэмшдэг аж. Тус компани нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөлд 784 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Өргөтгөлийн ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр болон замын дэд бүтцийг барьж байгуулна. Ингэснээр 2023 онд уурхайн хүчин чадал нэмэгдэж одоогийн үйлдвэрлэлийн хэмжээ 50-60 мянган тонноос 110 мянган тоннд хүрэх юм байна.
ArcelorMittal: 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5% өснө
АНУ-ын “ArcelorMittal” компани нь 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5%-иар нэмэгдэнэ гэж үзжээ. Гол хэрэглэгч улс орнуудаар авч үзвэл, энэ онд БНХАУ-ын гангийн хэрэглээ 1-3%, Энэтхэгийнх 16-18%, АНУ-ынх 10-12%-иар тус тус өсөх таамгийг тус компани дэвшүүлсэн байна. 2020 оны үзүүлэлтээр дэлхийн гангийн эрэлт 1%-иар буурсан аж. Гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр “ArcelorMittal” компани дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд Хятадын төрийн “Baowu” групп тэргүүлж байна.
Оросын нүүрсний хамгийн том олборлогч “А Проперти” компани болов
Коксжих нүүрсний 2.2 тэрбум тоннын нөөцтэй Элга ордыг эзэмшдэг “А Проперти” компани 1 тэрбум ам.доллараар “Сибантрацит” компанийг худалдан авчээ. Ингэснээр “А Проперти” нь Оросын нүүрс олборлогч хамгийн том компани боллоо. “Сибантрацит”-ийн тухайд, өндөр чанарын (UHG марк) антрацит нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны үзүүлэлтээр тус компани 23.7 сая тонн нүүрс олборложээ. Өнгөрсөн оны тавдугаар сард компанийн эзэн Дмитрий Босов амиа хорлосон бөгөөд ийнхүү компанийг худалдах асуудал яригдах болсон юм. “А Проперти” нь 2020 онд Элга ордын 51%, мөн Огоджины нүүрсний орд болон Приморийн хязгаар дахь Вера боомтын 50%-ийг тус тус худалдан авсан.
FT: Засгийн газар “Рио Тинто”-д гэрээг хоёр талаас цуцлах хүсэлт тавьсан
Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдсэн билээ. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр гэрээг цуцлаад шинэ гэрээ байгуулах замаар төслийг урагшлуулах санал Монголын Засгийн газар “Рио Тинто” компанид тавьсан тухай “Financial Times” өчигдөр мэдээллээ. Ингэснээр Монгол Улс зөвхөн нэг талыг барьж гадаадын хөрөнгө оруулалтад хориг саад тавьдаг гэсэн буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.
“Vale” компани хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлнө
Бразилийн уул уурхайн “Vale” компани нь 2019 онд төмрийн хүдрийн “Feijao” уурхайн хаягдлын далан задарсны уршгаар учирсан хор хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлөхөөр болжээ. Эл уурхай орших Минас Жерайсын мужийн Засаг захиргаатай тус компани удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд энэхүү шийдвэрт хүрсэн байна. “Vale” компаниас гаргах нөхөн төлбөрийн хөрөнгийн 30%-ийг Brumadinho хот, үлдсэнийг нь тухайн мужийн замын дэд бүтэц, нийгмийн чанартай барилга байгууламж барихад зарцуулах аж. Уурхайн хаягдлын далан задарсны улмаас Brumadinho хотын оршин суугч 270 хүн амиа алдсан юм.
АНУ-ын “Freeport”, Хятадын “Tsingshan” зэсийн үйлдвэр байгуулахаар хамтарна
АНУ-ын уул уурхайн “Freeport-McMoRan” болон Хятадын гангийн “Tsingshan” компаниуд хамтран зэсийн үйлдвэрийн цогцолборыг Индонезид байгуулах хэлэлцээрт үзэглэлээ. Тодруулбал зэс хайлуулах үйлдвэрийг Индонезийн Халмахера аралд байгуулахаар болсныг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна. Дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай “Grasberg”-д олборлолт эрхэлдэг “Freeport” компани нь цэвэр зэс болон зэсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах үүргийг Индонезийн Засгийн газрын өмнө хүлээжээ. Ингэхдээ “Grasberg” уурхайн 49%-ийн менежментийн хяналтаа хэвээр үлдээж, үлдсэн 51%-ийг 2019-2020 онд Индонезийн төр эзэмших болсон.
“Baowu” групп дахин нэг гангийн үйлдвэр эзэмшлээ
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь дахин нэг гангийн үйлдвэрийг групптээ нэгтгэжээ. Тодруулбал, Юнань мужийн гангийн хамгийн том үйлдвэр “Kunming Iron and Steel” (Kunsteel) компанийн 90%-ийг “Baowu” групп үнэ төлбөргүйгээр эзэмшсэн байна. Өмнө нь “Baowu” групп болохоос өмнө буюу 2007 онд “Wuhan Iron and Steel” компани нь “Kunming Iron and Steel”-ийн 48.81%-ийг худалдан авч байжээ.