Үндсэн хуулийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой нэгдүгээр бүлгийн заалтаас болж монголчуудын нэг хэсэг нь хөлжиж, нэг хэсэг нь ядуурсан тухай тайлбар их явдаг. Улстөрийн эрх мэдэлд шунаж, ашигт малтмалын томоохон ордуудад эзэн суух шалтаан нь Үндсэн хуультай холбоотой гэх өрөөсгөл, эцэс төгсгөлгүй маргаан дунд зуны нарлаг өдрүүд улиран одов. Байгалийн баялгийг өмчилсөн өнөө алдарт “30 гэр бүл”-ийг ч мөнхүү Үндсэн хууль л “төрүүлжээ”.
Үндсэн хуулийн 6.1-ийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-ын “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт маш сайн зохицуулалт, үүнийг огт хөндөх хэрэггүй хэмээн мэргэжлийн хуульчид, эрдэмтэн мэргэд учирлаж байгаа.