Шинэ мэдээ
МХБ: Хувьцааны арилжааны шимтгэлийг 62.5 хүртэлх хувиар бууруулна
Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж байна. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5%-иар буурах тооцоо байна.
"Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга" хөтөлбөр хэрэгжүүлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Байгалийн нөөц, байгаль орчны эрх зүйн Азийн санаачилга” хөтөлбөрийг дэмжиж, цаашид уг хөтөлбөрийг хөгжүүлж, хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Их Сургууль, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр байгууллаа.
Эрээнд хөл хорио үргэлжлэх төлөвтэй байна
Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө COVID-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсантай холбоотойгоор хоёрноос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Одоогоор COVID-19 халдварын 34 тохиолдол батлагдаад байгаа аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Эрээн хотод COVID-19 халдвар илрэхэд 21 хоногийн хатуу хөл хорио тогтоож, дараа нь түүнийгээ хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан.Түүнтэй адилаар одоо ч хатуу хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжилж магадгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд өгүүлсэн юм.
Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг Польштой байгуулна
Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийллээ.
ОПЕК газрын тосны олборлолтын төлөвлөгөөгөө өөрчиллөө
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн уулзалтаар (2022.06.02) тус байгууллагын гишүүн болон түнш орнууд ирэх долоо болон наймдугаар саруудад өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган баррелиэр нэмэгдүүлэхээр тогтлоо. Өмнөх хэлэлцээрээр бол сар бүрийн нэмэгдүүлэх хэмжээ нь 432 мянган баррель/өдөр-өөр илэрхийлэгдэж байсан юм.
Гашуунсухайт боомтоор задгай тээврээр нүүрс экспортлохыг хойшлуулав
Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний задгай тээврийн экспортын худалдааг сэргээх товыг хойшлуулсан тухай Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг “Фэнвэй Энержи” мэдээллээ. Учир нь тавдугаар сарын 31-нд манай улсын нэг жолоочоос коронавирусын халдварын тохиолдол бүртгэгджээ. Уг нь халдваргүй тохиолдолд энэ сарын 1-нээс задгай тээврийг эхлүүлэхээр болоод байсан юм.
RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна
"RBC Capital Markets" байгууллага ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээс ялимгүй хэмжээгээр давах төлөвтэй байгааг мэдээлжээ. Улмаар ханш энэ хугацаанд буурах төлөвтэй байна. Тухайлбал энэ онд зэсийн ханш дунджаар фунт тутамд 4.32 ам.доллар (~9680 доллар/тн), ирэх хоёр жилийн хугацаанд 3.75 ам.доллар/фунт (~8400 доллар/тн) байна гэж тооцоолжээ. Гэвч дунд хугацаанд ханш өсөхийг RBC онцоллоо.
АНУ-ын шингэрүүлсэн хийн экспорт тавдугаар сард 12%-иар өсөв
АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспорт тавдугаар сард 7.29 сая тоннд хүрсэн байна. Энэ нь эхнээсээ хоёрт бичигдэх дээд амжилт төдийгүй өмнөх сарынхаас 5%-иар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-иар тус тус өссөн үзүүлэлт боллоо. Өмнөх гуравдугаар сард тус улсын экспорт 7.67 сая тоннтой тэнцэж оргилдоо хүрч байсан юм.
Монголын уул уурхайн авьяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондов
“Нүүрсний Дондов” гэж салбарынхан дотночилдог эрхэм хөргийн маань гол дүр. Ажилладаг салбар нь овог нь шахуу болсон ийм хүмүүс хуруу дарам цөөн л дөө. “Нүүрсний Дондов” уулын инженер, маркшейдер мэргэжилтэй. Маркшейдер бол уул уурхайг авч явдаг үндсэн мэргэжлүүдийн нэг, “Уул уурхайн нүд, чих” гэгддэг гадаадынхан бол маркшейдерийг уул уурхайн Штурман, бүр уул уурхайн прокурор ч гэж хэлдэг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж буй Х.Бадамсүрэн, “МАК”-ийн Б.Нямтайшир, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон зэрэг уул уурхайд тод мөртэй олны танил хүмүүс маркшейдер байдаг нь цаанаа ийм шалтгаантай.
1990-ээд оны үед Монгол Улсын аж үйлдвэрийн гол төвүүд болох Эрдэнэтэд Ш.Отгонбилэг, Бор-Өндөрт Х.Бадамсүрэн, Багануурт Д.Дондов нар их бүтээн байгуулалтын ажлуудыг удирдаж Монгол Улсын эдийн засгийн тулгуур гурван баганыг сүндэрлүүлэн босгож байсныг ард түмэн мэддэг билээ.
Нүүрс тээвэрлэх машины тоо долоо хоногт 30-аар нэмэгдэх боломжтой
Нүүрсний уртын тээвэр эхэлснээр машины тоо 750 хүрсэн. Эдгээрээс 460 нь Гашуунсухайт боомтоор гарсан машин эзэлж байна. Манай жолооч нараас халдвар илрэхгүй бол нүүрс тээвэрлэх машины тоог долоо хоног бүрд 30-аар нэмэх тохиролцоог урд хөрштэй хийсэн гэдгийг УУХҮ-ийн сайд Г. Ёндон мэдэгдсэн..
БНХАУ 2026-2030 оны хооронд нүүрсний хэрэглээг бууруулна гэж мэдэгдээд байна. Тийм болохоор эрэлт буурахаас өмнө нүүрсээ олборлож, нийлүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна.
УУХҮЯ, БНСУ-ын Геологи,Эрдэс баялгийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал 2022 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдаж байна.
Уг хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БНСУ-ын Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн Дэд ерөнхийлөгч Хуан Сэхү нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд ашигт малтмал, газрын тос, геологийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Улсын хэмжээнд өдөрт нүүрсний 760 машин экспортод гарч байна
Одоогийн байдлаар улсын хэмжээнд өдөрт 750-760 машин нүүрс экспортод гарч байгаагийн 460 нь Гашуунсухайт боомтод ногдож байна. Цаашид тус боомтоор халдвар хамгааллын дэглэмийг алдалгүй баримталж чадвал өдөрт нэвтрэх машины тоог долоо хоног тутамд гучаар нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ. Энэ байдлаар өдөрт гарах машины тоог 800 болгох боломжтойг сайд уламжлав.
Зүүн, Зүүн-Өмнөд Азийн геологийн хорооны хурал Монголд болж байна
Монгол Улс Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элссэн. Тус байгууллагын удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал (2022.05.30-06.02) манай улсад зохион байгуулагдаж байна. Тус байгууллага нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Олон Улсын байгууллага юм.
Монголбанк 5.7 тонн алт худалдан авчээ
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мян.тн-ыг экспортлов. Монголбанк тавдугаар сарын 26-н хүртэл нийтдээ 5,691.9 кг алт худалдан аваад байна.
“Газрын тос 80” ойн баярын хурал боллоо
Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал (05.27) Корпорэйт зочид буудлын хурлын танхимд боллоо. Газрын тосны салбарын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон тус баярын хуралд УУХҮ-дэд сайд О.Батнайрамдал, Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) дарга Л.Баярмандал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд 825.9 тэрбум төгрөг зарцуулна
Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.
Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа. Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт (2022.05.25) хэвийн ажиллаж эхэлсэн. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ.
Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намар багтааж бүрэн ашиглалтад оруулна. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно. Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард зэсийн баяжмал, нүүрсний экспортын 120 машин өдөрт нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумыг орчин үеийн хот болгон хөгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байна
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.