Манай улсын 100 гаруй төсөлд 57 их наяд төгрөг шаардлагатай байна. Энэ дөрвөн жилд 10 хүрэхгүй их наяд төгрөгийг улсын төсвийн санхүүжилт болон төсөвт хамааралтай гадаад доноруудаас урт хугацааны санхүүжилт авч зарим төслөө урагшлуулах урьдчилсан төлөв гарчээ. Харин 47 гаруй их наяд төгрөгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн концесс хэлбэрээр, хувийн хэвшлээр 100% хэрэгжүүлэх зэргээр санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Сангийн яам ид судалж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжөөр нь ангилан, эдийн засаг дотроо импортыг орлох, экспортын орлого оруулах байдлаар нь эрэмбэлсэн тэргүүлэх 100 төслийг шинэ Засгийн газар ажлын 100 хоногийн дараа олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. Дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төсөл, эх үүсвэрүүд илүү тодрох бололтой. Төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “лоозон” одоо л хэрэгжих цаг үе.