Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Алтны ханш инфляцаас үүдэлтэйгээр өсөж эхэллээ Дэлхийн зах зээлд алтны ханш унц тутамдаа 1870 ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс хойших дээд хэмжээ юм. Голлох эдийн засагтай орнуудад инфляцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ийнхүү найдвартай хөрөнгө оруулалт буюу алт руу хошуурахад нөлөөлж байна. Цаашид үнэт металууд буюу алт, мөнгөний ханш үргэлжлэн өснө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 9%-иар буурлаа Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний (DJMcv1) ханш 9%-иар (2021.11.16) буурч 1874 юань/тонн хүрчээ. Сүүлийн өдрүүдэд түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэхийн сацуу коксын үйлдвэрүүдийн эрэлт буурч байгаа нь коксжих нүүрсний үнэ буурах нөхцөл болж байна. Гангийн үйлдвэрүүд ч коксын худалдан авалтаа багасгах болжээ.
Трафигура: Хятадын зэс болон бусад металын эрэлт буурна Дэлхийн түүхий эдийн худалдааны компани “Трафигура” ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурах таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох Өвлийн Олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ.
Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ Хятадын нүүрсний импорт аравдугаар сард 26.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.3%-иар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн есдүгээр сард 32.9 сая тонн нүүрс импортолж байсантай харьцуулахад 18.2%-иар буурсан дүн боллоо. Хятадын хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болж буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй ажээ. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах асуудал хамгийн чухалд тооцогдож байна.
Газрын тосны ханш буурч эхэллээ Брэнт маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 81.33 ам.доллар болж буураад байна. Өнгөрсөн долоо хоногт Брэнт маркийн газрын тосны ханш 86 ам.доллар/баррельд хүрч өсөөд байсан юм. Гэсэн ч газрын тосны ханш олон жилийн дунджаас хавьгүй өндөр түвшинд тогтсон хэвээр байна. Ханш буурахад хоёр хүчин зүйл голлон нөлөөллөө. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.3 сая баррельд хүрснийг дэлгэсэн нь шинжээчдийн тооцоолсон 2.22 сая баррелиас өндөр дүнтэй гарсан байна.
Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байна Эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн нүүрсний нийлүүлэлт хумигдаж эрэлтээ гүйцэхгүйд хүрсэн байна. Ингэснээр энэ оны наймдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд ойролцоогоор 20 сая тонн орчим коксжих нүүрсний нийлүүлэлтийн алдагдал Хятадын зах зээлд үүсчээ. Ойрын хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлийг нэмэгдүүлэхэд багагүй хүндрэл үүсэхийг Хятадын Нүүрс тээвэр, түгээлтийн холбоо мэдэгджээ. Учир нь коксжих нүүрсний нийлүүлэлт дэлхий дахинд төдийлөн их биш байгаагийн сацуу улс орнуудын гангийн нүүрсний эрэлт зэрэгцээд нэмэгдэж байгаа ажээ.
Нүүрсний ханш дээд амжилтаа шинэчилж, төмрийн хүдрийн оргил үе өндөрлөв Цар тахлын дараах шинэ хэв маяг бүрдэж буй үед бүх зүйлсийн үнэ өсч байна. Дэлхийн зах зээлд ганцхан эрдэс баялаг бус, хөдөө аж ахуйн түүхий эдүүдийн ханш ч ихээхэн өсч байна. Хятадын Засгийн газар зах зээлд түүхий эдийн ханшийг хяналтдаа байлгахыг хүсч байгаа ч санаснаар нь өрнөхгүй байгаа нь есдүгээр сард тод ажиглагдлаа. Хятадын Засгийн газар Австралийн нүүрсэнд өнгөрсөн оны сүүлээс эхлэн албан бусаар импортын хориг тавих болсон. Гэсэн ч энэ алхам нь Австралид экспортын зах зээлээ тэлэх боломж олгож, харин эсрэгээр Хятадын дотоодын зах зээлд нүүрсний ханш огцом өсөх нөхцөлийг бүрдүүллээ. 
Өрсөлдөөн одоо л эхэлнэ ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр 2021 оны зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Харин мөн сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 652.6 мянган тонн байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ дүнгээс харахад Монголын нүүрсний экспортоос 4 дахин илүү хэмжээний коксжих нүүрсийг Орос гадаад зах зээлд гаргаж байна. Энэ оны хоёрдугаар улирал гарсаар Монголын экспортын нүүрсний тээвэр 0 зогсоогүй сар гэж байсангүй. Энэ зуур Оросын  коксжих нүүрсний экспорт Хятад руу тогтмол нэмэгджээ. 
Зэсийн ханш шинэ дээд амжилт тогтоолоо Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
Зэсийн ханш 10 мянган долларын босгыг давлаа Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10200 ам.долларт хүрч өссөн байна (2021.10.14). Харин Лондоны металын бирж дээр 3.6%-иар өсч 9994 ам.доллар/тоннд хүрсэн бөгөөд шууд худалдааны хаалтын ханш 9971 ам.доллар/тонн-д тогтжээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын дундаас хойших хамгийн өндөр дүн боллоо. Зэсийн ханш тус биржид тавдугаар сарын эхний хагаст 10700 ам.доллар/тонн-ын түвшнийг давсан нь үнийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
Цайрын ханш 2007 оноос хойших дээд хэмжээнд хүрлээ Европт эрчим хүчний ханшийн өсөлтөөс үүдэлтэйгээр “Nyrstar” компанийн эзэмшлийн цайр хайлуулах гурван томоохон үйлдвэрүүд гарцаа тал хувиар бууруулахаар болжээ. Уг мэдээлэл цацагдсанаар дэлхийн зах зээлд цайрын ханш сүүлийн 14 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрлээ. Тухайлбал Шанхайн бирж дээр цайрын ханш тонн тутамдаа 3992 орчим ам.долларт хүрсэн бол Лондоны металын бирж дээр 3637.5 ам.доллар/тонн болж нэмэгдсэн нь 2007 оноос хойших дээд түвшин юм. “Nyrstar”-ийн тухайд цайр үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг байна.
Коксжих нүүрсний ханш шинэ дээд амжилт тогтоолоо Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Хамгийн сүүлд 2011 онд Австралийн гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан. Энэ удаад Хятад улс гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээ үлэмж буурсан нь үнэ өсөхөд нөлөөлөв.
ОПЕК, ОПЕК+ бүлэг газрын тосны олборлолтыг нэмэх шийдвэрээ хэвээр үлдээлээ Дэлхийн газрын тосны зах зээлийн жишиг болох Брэнт төрлийн тосны үнэ 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр 71.14 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна. ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хурал зохион байгуулж ирэх саруудын газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Бүлгийн гишүүд 2021 оны аравдугаар сард энэ оны долдугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ өөрчилсөнгүй.
Хятад улс нөөцөөсөө 150 мянган тонн метал нийлүүллээ Дэлхийн эрдэс түүхий эдийн хамгийн том эрэлтийг бүрдүүлэгч Хятад улс ханшийг тогтоон барих зорилгоор стратегийн нөөцөөсөө 150 мянган тонн метал өчигдөр (2021.09.01) дуудлага худалдаагаар нийлүүлсэн байна. Үүнд 70 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр, 30 мянган тонн зэс тус тус багтжээ. Дуудлага худалдаа нь зөвхөн металын үйлдвэрүүдийн дунд цахимаар явагддаг. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 9312 ам.доллартай хаагдсан нь өмнөх өдрийнхөөсөө 150 ам.доллараар буурсан үзүүлэлт боллоо. Мөн тус бирж дээр хөнгөн цагаан болон цайрын ханш тонн тутамдаа 20-50 ам.доллараар буурчээ.  
Зэсийн үнийн бууралт өсөлтөөр солигдов Лондоны металын бирж дээр (2021.08.24) зэсийн ханш 9316.5 ам.доллар/тоннд хүрч өсчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 8775.5 ам.доллар болж буурсан юм. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш байгаагүй доод түвшинд хүрсэн бол энэ долоо хоногт үнэ эргээд өсч эхэллээ.
Нүүрсний экспортыг 2020 оны түвшинд барина Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох  зорилт нь 28 сая тонн болж буурахаар байгааг Сангийн сайд Б. Жавхлан учирлав. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар   төсөвт нүүрсний салбарын   орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог   ч Сангийн яам   гаргажээ. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй боллоо.  Цар тахлын   тархалт манай улсад  нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор   (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо.
Хятад улс стратегийн нөөцөөс дахин зэс, хөнгөн цагаан, цайр худалдана Хятад улс түүхий эдийн үнэ тогтворжуулахаар стратегийн нөөцөөсөө дахин худалдаанд гаргах тухайгаа зарлаад байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХороо) болон Үндэсний хүнс, стратегийн нөөцийн газар энэ сарын сүүлээр 30 мянган тонн зэс, 90 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр гаргах талаар мэдээлжээ.
Эрдсийн зах зээлд ханш түүхэн дээд амжилтыг шинэчиллээ Хямралын дараах аливаа сэргэлтийн үед эрдэс түүхий эдийн ханш огцом өсдөг гэсэн логик бий. Үүний зэрэгцээ ногоон шилжилттэй холбоотой хөтөлбөр, зорилтууд дэлхийн хүчирхэг улс орнуудын бодлогын баримт бичигт тод сийлэгдэх болов. Гэхдээ эрдсийн супер цикл үнэхээр ирсэн үү гэдэгт шинжээчид хоёрдмол байр суурьтай   ч тэдгээрийн дийлэнх нь зэсийн тухайд өөдрөг ирээдүй айсуй гэсэн нэгдмэл санааг илэрхийллээ. Энэ нь мэдээж Монгол шиг зэсийн баяжмал, тунгаасан зэс экспортлогч орны хувьд ашигтай тусна. Тэгвэл ганцхан зэс гэлтгүй цагаан тугалга, төмрийн хүдрийн тухайд түүхэн дээд ханшийн түвшинг тавдугаар сард тогтоолоо. Дээд амжилтаа шинэчлэн тогтоогоогүй боловч хөнгөн цагаан, цайр, хар тугалга, никель гээд голлох металууд бүгд ханш нь өсөлттэй байна.
Зэсийн ханш буурч эхэллээ Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
1 2 3 4 5 6 7