Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Т.Батаа:   “Степ голд” бол ил тод, нээлттэй  монгол компани Уул уурхайн салбарт тэргүүлэх үнэт метал үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байгаа, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” ХХК энэ оны хоёрдугаар улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, IPO гаргахаар төлөвлөж байна. “Степ Голд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаатай “The Mongolian Mining Journal”-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  ярилцлаа. “Степ Голд” компанийн гаднаас татан төвлөрүүлсэн санхүүжилт   Монгол Улсад хөрөнгө оруулалт,  үйл ажиллагааны зардал, цалин, татвар, гэрээт ажлын төлбөр зэргээр шингэдэг “Степ Голд” компани  үүсэн байгуулагдсанаасаа (2016 он)  хойш хоёр  жилийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байлаа. Энэхүү амжилтын тухай ярилцлагаа эхэлье.
“Газрын тос 2021”: Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна Монгол Улсад газрын тосны  салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Газрын тос 2021” олон улсын эрдэм шинжилгээний XXVII  хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нээж, ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Б.Очирбат, НИК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Канадын Мэрит төслийн Зөвлөх Жениффер Адамс нар үг хэллээ. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Чулуунбат газрын тосны салбарын хөгжлийн талаар илтгэлээ.
Хятадын коксжих нүүрсний импорт буурчээ Дөрөвдүгээр сард, Хятад улс 3.48 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх гуравдугаар сарынхаас 29.12%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.5%-иар тус тус буурсан байна. Импортын дундаж үнэ тонн тутамд 158.86 ам.доллар аж. 2020 оны мөн үеийнхээс 24.74 ам.доллар, гуравдугаар сарын үнээс 26.89 ам.доллараар илүү юм. Тавдугаар сарын 20-ны байдлаар, Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 7.98%-иар буурч 1782.5 юань хүрчээ.  Оны эхний дөрвөн сард, тус улс нийт 14.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ.  
Австралид сүүлийн 50 жилд шинээр төмрийн хүдрийн уурхай нээж байна Австралийн уул уурхайн BHP компани нь Баруун Австралийн нутагт орших “South Flank”  ордоос төмрийн хүдэр олборлож эхэлжээ. Нийт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил 2018 онд эхэлсэн аж. Төлөвлөсөн хугацаандаа уурхайн олборлолт эхэлж байгааг компани мэдэгдсэн байна. Энэ нь Австрали улсад сүүлийн 50 жилд шинээр нээж байгаа төмрийн хүдрийн томоохон уурхай юм. “South Flank” ордын уурхайгаас 61-62%-ийг агууламжтай төмрийн хүдрийг жилд 80 сая тонн олборлоно. Уурхай нь 25 жил ашиглах нөөцтэй, 2046 он хүртэл үйлдвэрлэл явуулна. 
“Glencore”: Зэс-кобальтын “Mutanda“ уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээнэ Үндэстэн дамнасан “Glencore” корпораци(LON: GLEN) нь БНАКонго улс дахь зэс-кобальтын “Mutanda“ төслийн уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээх болсноо мэдэгджээ. Зэс-кобальтын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг тус үйлдвэрийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сард зогссон байна. Хоёр жилийн өмнө Glencore” корпорацийн Гүйцэтгэх захирал Айвен Гласенберг мэдэгдсэнээр, үйлдвэрийг хаах болсон шалтгаан нь зах зээл дээр кобальтын үнэ буурч үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн аж. Тэгвэл энэ он гарснаас хойш зах зээл дээр кобальтын үнэ 40%-иар нэмэгдэж тонн тутамд 45 мянган ам.долларын ханшид хүрээд байна.
“Эрдэнэс Монгол” орлогоо төрөлжүүлэхээс нааш тогтвортой сан болохгүй Монголын уул уурхайн салбарт томоохон тоглогч болох төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани нь хэтдээ нийт монголчуудад болон төрд ногдол ашиг түгээх зорилготойгоор ажиллаж буй юм. Энэ үүргээ сайтар гүйцэтгэхийн тулд тус компанид ил тод, үр ашигтай ажиллагаа нэн чухлаар тавигдах нь гарцаагүй. Компанийг төр 100% эзэмшдэгээс гадна иргэн бүрт компанийн давуу эрхийн хувьцааг эзэмшүүлсэн байдаг. Энэ ч үүднээс тус компани нь төр, иргэнд ногдол ашиг хуваарилахаар ажиллах үүрэгтэй юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулах асуудал тусгалаа олсон. Уг Баялгийн сангийн гол хөрөнгийн эх үүсвэр нь төрийн мэдлийн уул уурхайд түшиглэсэн компаниуд, тэр дундаа “Эрдэнэс Монгол” компанитай салшгүй холбоотой байх нь дамжиггүй.
Монголын нүүрс, зэсийн баяжмалын экспорт 600 сая ам.доллараар тасрав Цар тахлын нөлөөлөл 2021 онд Монголын уул уурхайг, тэр дундаа нүүрс, зэсийн салбарыг хүчтэй нэрмэж байна. Нүүрс, зэсийн баяжмалын худалдаа гуравдугаар сарын дунд үеэс эхлэн мэдэгдэхүйц буурах болсноор дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 600 сая ам.долларын экспортын алдагдал үүсээд байна. Манай улсын хил нэвтрэлт удааширснаар ердөө сар хагасын хугацаанд хамгийн багаар тооцоход 2.74 тонн нүүрс экспортлох боломжоо алджээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар 7.3 сая тонн нүүрс экспортолсон  тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Сараар авч үзвэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур дүн боллоо.  
Алс Дорнодоос нүүрс чингэлгээр Хятад руу экспортолж эхэлжээ ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас анх удаа нүүрсийг задгай (open top) чингэлэгтэй төмөр замаар тээвэрлэж хуурай газрын Гродеково–Суйфэньхэ боомтоор Хятад руу экспортолж эхэлжээ. Нүүрсийг чингэлгээр тээвэрлэхэд хоёр улсын төмөр замын ялгаатай (Орос өргөн цариг буюу 1520 мм, Хятад нарийн цариг буюу 1435 мм)царигт шилжүүлэн ачих хугацааг богиносгож, нүүрсний тоосжилтыг бууруулж буйгаараа давуу талтайг Хятадын www.sxcoal.com мэдээндээ онцолсон байна. Хятадын зах зээлд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Орос улс өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас нүүрсийг 20 тонн чингэлгээр төмөр замаар тээвэрлэн экспортолж эхэлсэн юм. Одоо Алс Дорнодын бүс нутгаас нүүрсийг чингэлгээр экспортолж буй бөгөөд цаашид ийм хувилбараар бусад боомтууд руу тээвэрлэхээр төлөвлөжээ.
Орос, Хятадын Төрийн тэргүүн нар Тяньванийн АЦС-ын нээлтэд оролцоно Өнөөдөр (2021.05.19) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпин нар цахим уулзалт хийж, хоёр улсын хамтарсан төсөл АЦС-ын нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөжээ. Тодруулбал, Хятад улс дахь цөмийн эрчим хүчний 4 блок бүхий Тяньванийн АЦС-ыг ашиглалтад оруулж байна.  Оросын төрийн “Росатом” корпораци Тяньванийн АЦС-ын барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн эрчим хүчний салбар дахь хамгийн том төсөлд тооцогддог.
“Morgan Stanley”: II улиралд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллараас буурахгүй Энэ долоо хоногийн эхнээс төмрийн хүдрийн үнэ 200 ам.доллар болж эргээд өсч байна. Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 5.5%-иар өсч 195.26 ам.доллар (1256 юань) хүрчээ. Тэгвэл далайн хойд эргийн Циндао боомтод 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалыг 224.44 ам.доллараар худалдаалж байна. Хятадын аж үйлдвэрийн идэвхжил өндөр хэвээр байгаатай холбоотой төмрийн хүдрийн ханш эргээд өсч буйг шинжээчид тайлбарлаж байгаа юм. Учир нь дотоодын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлтийг хязгаарлах зорилтоор өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төр засгаас аж үйлдвэрийн зарим томоохон бүс нутгийн үйлдвэрлэлийг танах зохицуулалтын арга хэмжээ авч эхэлсэн. Энэ нь зах зээлд болгоомжлол үүсгэн төмрийн хүдрийн ханш буурахад нөлөөлсөн.
Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрчээ Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
Алтны ханшийн бууралт өсөлтөөр солигдох төлөвтэй Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 
“Оюутолгой” компанийн уурхайд ажиллагсдын 88% вакцинжуулалтад хамрагджээ  “Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох хуулийн төсөл боловсруулжээ Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
Оюутолгойн орлого өссөн үзүүлэлттэй гарчээ Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурчээ  Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. 
Нүүрс олборлогч компаниудын вакцинжуулалтын гүйцэтгэл сайн явагдаж байна Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
“Wood Mackenzie”: “Ногоон” шилжилтэд уул уурхайн компаниуд 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
Хятад төмрийн үйлдвэр байгуулахад тавигдах шинэ журам мөрдөнө  Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
“Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлэг болно Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.