Компанийн мэдээлэл
“Рио Тинто” групп “Туркойс Хилл’’-ийн 49%-ийг худалдан авах санал тавив
“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49%-д ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ. Хэрэв “Туркойс Хилл Ресурс” компанийн бусад хувьцаа эзэмшигчид энэхүү саналыг хүлээж аваагүй тохиолдолд Оюутолгой төслийн одоогийн хувь эзэмшлийн бүтэц хэвээр хадгалагдана.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаа орхив
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон байна. Тэрбээр сүүлийн таван жил хагасын турш компанийн удирдах албыг амжилттай хашиж ирсэн бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн байна. Тэрээр цаашид Австралид шинэ албан тушаалд томилогдон ажиллах юм байна. “Оюутолгой”-н шинэ Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондерыг ТУЗ-өөс Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж ажиллуулахаар болжээ.
Петроматад оны дундуур газрын тосны олборлолтоо эхлүүлнэ
Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ.
“Энержи Ресурс” өнгөрсөн онд 1.2 сая тонн нүүрс борлуулжээ
Өмнөговь аймгийн Ухаахудагийн нүүрсний уурхайд олборлолт явуулж буй "Mongolian Mining Corporation" буюу "Энержи Ресурс" 2021 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлтээ танилцуулсан байна. Өмнөх онд компани нийтдээ 4.3 сая тонн нүүрс уурхайгаас олборлож, үүнээс 3.7 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрт боловсруулжээ. Компани нийт 1.8 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэсэн бөгөөд 1.2 сая тонн коксжих нүүрс борлуулсан үр дүнтэйгээр ажиллажээ.
Las Bambas зэсийн уурхай үйл ажиллагаагаа дахин зогсооно
Дэлхийд зэс олборлолтоор хоёрдугаарт бичигдэх Перу улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай Las Bambas уурхай дахин зогсох нөхцөл байдал үүслээ. Энэ тухай уурхайн олборлолтыг явуулдаг Хятадын MMG компани (2022.02.07) мэдэгдсэн байна. Учир нь орон нутгийн иргэд уурхайн гол замыг нэгдүгээр сарын 26-наас хаах болсноор олборлолтыг энэ сарын 20-ноос эхлэн зогсоож болзошгүй байна.
Оюутолгойн гүний уурхайн огтлох малтлагын эхний тэсэлгээг хийлээ
Оюутолгойн далд уурхайн олборлолтын эхний шат болох огтлох малтлагыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2022.01.25/ боллоо. Энэхүү ёслолд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Туркойз Хилл: Оюутолгойн далд уурхайн огтлох малталтыг эхлүүлнэ
Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэхээр болсон тухай (2022.01.24) мэдээллээ. Өөрөөр хэлбэл компани Засгийн газар болон Оюутолгойн ТУЗ-тэй төслийн хувьцаа эзэмшигчдэд, тэр дундаа монголчуудад оногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд нэгдсэн ойлголцолд хүрч чадсанаар далд уурхайн огтлох малталтыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгааг мэдэгджээ. Үүний үр дүнд ойрын өдрүүдэд далд уурхайн агуйлах ажлыг эхлүүлэх юм байна. Уг шийдвэр гарснаар хуваарийн дагуу далд уурхайн Панел 0 хэсгийн тогтвортой олборлолтыг 2023 оны эхний хагаст багтаан эхлүүлэхийг компани онцолжээ.
"Оюутолгой" 2021 онд татвар, төлбөрт 681 сая доллар улсад төлжээ
2021 онд Оюутолгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажилласан байна. Үүний зэрэгцээ компани цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюутолгой” компанийн 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийг давсан бол 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн.
Серби: “Рио Тинто”-ийн литийн төслийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Сербийн Засгийн газар “Рио Тинто” компанийн тус улсад хэрэгжүүлж буй Jadar литийн төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийг (2022.01.20) цуцаллаа. Тодруулбал уг төслийг ашиглахтай холбоотой бүх шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Засгийн газрын хуралдааны дараа танилцуулжээ. Ингэснээр уг төслийн хувьд бүх зүйл дуусгавар болж буйг тус улсын Ерөнхий сайд, хатагтай Ана Брнабич тодотгожээ.
“Рио Тинто” Серби дэх литийн төслийн эхлэх хугацааг 2027 он болгож хойшлуулав
Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” Серби улсад хэрэгжүүлэх лити, боратын Jadar төслийн анхны бүтээгдэхүүн борлуулж эхлэх хугацааг 2027 он болгож (2022.01.18) хойшлууллаа. Энэ нь компани төслийн хугацааг дор хаяж нэг жилээр хойшлуулж байна гэсэн үг. Учир нь Сербийн иргэдийн төлөөлөл, байгаль орчны хөдөлгөөнийхөн уг төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа юм. Улмаар төсөл хэрэгжих нутгийн удирдлага буюу Лозница хотын захиргаа "Рио Тинто" компанид өнгөрсөн арванхоёрдугаар сард газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан юм. Jadar төсөл нь 2.4 тэрбум ам.доллараар хэрэгжих бөгөөд “Рио Тинто” компанийг 15 жилийн хугацаанд Европт лити нийлүүлэлтээр хамгийн том тоглогч болгох ач холбогдолтой төсөл ажээ.
Оюутолгойн зэс, алтны гарц 2022 онд мэдэгдэхүйц буурна
“Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны үйлдвэрлэлийн тайлангаа (2022.01.17) танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани 163 мянган тонн зэс, 468 мянган унц алт үйлдвэрлэсэн нь олборлолтын төлөвлөгөөг биелүүлсэн байна. Тодруулбал тус компани өнгөрсөн онд баяжмал дахь цэвэр металын агуулгаар 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан юм. Хэдийгээр өнгөрсөн онд цар тахлын улмаас ажиллах хүч, бүтээмжид сөргөөр нөлөөлсөн ч үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж ажилласныг компани онцолжээ. Гэвч цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны эцсийн байдлаар далд уурхайн зардал анх тооцоолсноос 175 сая ам.доллараар нэмэгджээ.
ОТ: Б.Дуламсүрэнг Санхүү эрхэлсэн Дэд захирлаар томиллоо
"Оюутолгой" ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо. Тус компанийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилжээ. Б.Дуламсүрэн нь АНУ-ын Пеннсильванийн их сургуулийн Вартоны сургуульд бизнесийн удирдлагаар магистер хамгаалсан анхны монгол хүн аж.
Салхитын мөнгөний ордын хаалтыг олон улсын жишиг байдлаар хийнэ
Канадын Засгийн газрын санхүүжилтээр Салхитын мөнгөний орд, Эрдэнэс Силвер Ресурс хамтран уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг анх удаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хүрээнд оролцогч талуудын ажлын хэсгийн уулзалт (2022.01.07) боллоо.
Las Bambas зэсийн уурхайн олборлолтыг сэргээнэ
Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг болох Las Bambas-ын олборлолтыг орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас арванхоёрдугаар сарын 18-нд зогсоосон билээ. Тэгвэл компани болон орон нутгийн иргэд зөвшилцөлд хүрснээр уурхайн олборлолтыг эргэн сэргээх болсон тухай уурхайн төслийг хэрэгжүүлэгч “MMG” компанийн төлөөлөл мэдэгдсэн (2021.12.30) байна. Олборлолтыг сэргээхэд 5-6 хоног шаардлагатай ажээ.
"Рио Тинто" Серби дэх литийн төслөө зогсооно
"Рио Тинто" компани Серби дэх литийн Jadar төслөө түдгэлзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий тус уурхайн төсөл нь Сербийн Jadar голын сав газарт орших Лозница хотын ойролцоо нутагт хэрэгжинэ. Гэвч тус улсын иргэдийн төлөөлөл уг төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ дарга томилогдлоо
“Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байсан Томпсон нь “залгамжлагч олдвол албан тушаалаасаа огцорно” гэдгээ энэ оны эхээр мэдэгдсэн билээ. Түүний залгамжлагч тодорч, “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргаар Доминик Бартоныг /2021.12.20/ томиллоо.
Перу улсын Las Bambas зэсийн уурхай олборлолтоо зогсооно
Дэлхийн зэс олборлолтоор хоёрдугаарт орох Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг Las Bambas ирэх бямба гаригаас эхлэн олборлолтоо зогсоох тухай MMG (2021.12.16) мэдээллээ. Тус уурхайн хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн тээвэрлэлтийн зам хаагдаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар компани болон орон нутгийн иргэдийн дунд яриа хэлэлцээр өрнөсөн ч талууд зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа ажээ. Нутгийн иргэд тээвэрлэлтийг шороон замаар хийж буй нь хүрээлэн буй орчин болоод нийгмийн аж амьдрал, тариалан эрхлэлтэд сөргөөр нөлөөлж буй тул эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа юм. MMG эдийн засгийн зарим дэмжлэгийг санал болгосон ч нутгийн иргэдийн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.
"Эрдэнэт үйлдвэр" 2024 оноос жилд 40 сая тонн хүдэр боловсруулна
Уурхайн түвшин доошилж, олборлолт хийхэд хүндрэлтэй болохоос гадна хүдрийн агуулга буурч, зардлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 32 сая тонноос 40 сая тонн болгон нэмэгдүүлж, хүдэр боловсруулах өртгийг 10 хүртэл хувиар бууруулна.