Компанийн мэдээлэл
“Эрдэнэс Тавантолгой” ХК авлигын эсрэг менежментийг нэвтрүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын анхдагч баталгаажуулалтын хоёрдугаар шатны аудитыг амжилттай хийжээ. Үүний дагуу аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр стандартуудаа баталгаажуулах боломж бүрдэх юм.
“Улаанбаатар төмөр зам” ХХН болон "Эрдэнэс Тавантолгой" хамтран ажиллана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг (2022.07.21) зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.
Оюутолгойн далд уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг хийв
"Оюутолгой"-н хяналтын багцыг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани Хойд Хюго далд уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг энэ сарын 17-ны өдөр хийхээр болсныг мэдээлсэн. Энэ дагуу тэсэлгээг өнөөдөр амжилттай хийсэн байна. Хүдэр буулгуурын (the first drawbell) тэсэлгээг өмнө нь энэ оны гуравдугаар улиралд хийхээр тооцоолж байсан нь ийнхүү хугацаанаасаа өмнө биелж байна.
Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд 825.9 тэрбум төгрөг зарцуулна
Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлнэ. Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд томсгосон тооцоогоор нийт 825.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас эхний ээлжид 245.3 тэрбум төгрөг зарцуулахаар байна. “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.
Туркойз Хилл: Санхүүжилтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав
“Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
Туркойз Хилл: Оюутолгой оны эхний улиралд 403 сая долларын орлоготой ажиллав
“Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ оны эхний улиралд тус компанийн борлуулалтын орлого 402.7 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс (526.5 сая ам.доллар) 23.5%-иар буурсан байна. Гэхдээ энэ хугацаанд зэсийн ханш 17.9%, алтны үнэ 4.3%-иар тус тус өссөн нь орлогын бууралтыг тодорхой хэмжээнд хазаарлах нөлөө үзүүлжээ. Үйлдвэрлэлийн гарц доошилсон нь баяжмал дахь металын агуулга, тэр дундаа алтны хэмжээ мэдэгдэхүйц буурсантай холбоотой. Энэ онд агуулга багатай хүдрийн хэсэгт олборлолт хийх тул баяжмал дахь металын хэмжээ буурч, орлого ч доошлохоор байгаа юм.
Уул уурхайн компаниуд “Шилдэг 10 татвар төлөгч”-өөр тодров
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэж, “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг уламжлалтай. Татварын Ерөнхий газар 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлэн аж ахуйн нэгжүүдийг орлогоор нь том, дунд, жижиг, бичил гэж ангилах болсон билээ. Ийнхүү ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгаруулдаг юм. Монгол Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын 811 баялаг бүтээгч байдгаас 2021 оны хувьд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. 2021 оны том ангиллын шилдэг 10 татвар төлөгчөөр уул уурхайн компаниуд тодорсон байна.
"Оюутолгой" 72 сая долларын татварыг төсөвт төвлөрүүлэв
“Оюутолгой” компани 2022 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. 2022 оны нэгдүгээр улиралд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн Газар, “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто”-гийн хооронд явагдсан хэлэлцээний үр дүнд гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн мөчийг ажилчид, ханган нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, орон нутгийн иргэдтэй хамт тэмдэглэв. Энэ алхам нь уурхайн хамгийн үнэ цэнтэй хэсгийг нээж буй хэрэг бөгөөд анхны тогтвортой олборлолтод 2023 оны эхний хагаст хүрэхээр тооцож байна.
"ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга авч байна
”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900,000 хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4%"-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, зургаан сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд хүлээн авна.
“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 101%-иар биелүүлж ажиллажээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2022.04.22) боллоо. 2021 оны эцэс гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 83.5 сая тонн нүүрс олборлосон байна. Өнгөрсөн онд компани 1.1 их наяд төгрөгийн орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний сацуу 198.3 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд зарцуулжээ.
Туркойз Хилл: Оюутолгойн 2022 оны алт олборлолтын төлөвлөгөөг шинэчлэв
Оюутолгойн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” уурхайн энэ оны эхний улирлын үйлдвэрлэлийн үр дүнг танилцуулсан (2022.04.19) байна. Эхний улиралд төлөвлөсөнчлөн ил уурхай болон далд уурхайн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс доогуур байсан байна. Тодруулбал баямжал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэсийн олборлолт 30.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 33%-иар, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 22%-иар тус тус буурчээ.
“Рио Тинто” Симандоу төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-ийн ТУЗ Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн урьдчилсан шийдвэр гаргажээ. Цаашид төслийн нийт өртөг, дэд бүтцийн гэрээг үндэслэн шийдвэрийг эцэслэн баталгаажуулах тухай компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон (2022.04.08) компанийн жил бүрийн уулзалтын үеэр тайлбарлажээ. Уг орд нь агуулга өндөртэй хоёр тэрбум орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэй тул дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа юм. “Рио Тинто” уг ордын төслийн 45%-ийг эзэмшдэг бол үлдсэнийг Гвинейн Засгийн газар (15%), Хятадын Chinalco (40%) тус тус эзэмшдэг.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАСАН ТАЛААРХ ЗАР
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1,
81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 8.4 дэх заалтыг тус тус үндэслэн
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон
шалгаруулалтыг зарлаж байна.
А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн
удирдлагын чиглэлээр:
1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, болон бизнес, хөрөнгийн
удирдлага, уул уурхайн менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн,
магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан;
1.2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн
удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
1.3. Мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан байх;
"Оюутолгой"-н Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилов
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) тус компанийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйг мэдэгдлээ. “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Оюутолгойн хамт олныг удирдуулахаар итгэл хүлээлгэж буйд миний бие гүнээ талархаж, сэтгэл хөдлөхийн сацуу бахархал төрж байна. Оюутолгойн баг, хамт олны өнгөрсөн аравны хугацаанд нөр их хөдөлмөрөөрөө цогцлоосон амжилт бүтээлийг цаашид түүчээлэн үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно” гэв.
Туркойз Хилл-ийн хувьцааны ханш 32%-иар өсөв
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” өчигдөр Туркойз Хилл-ийн 51 орчим хувийн эзэмшлээ өргөжүүлж үлдсэн 49%-ийг худалдан авах санал тавьснаа мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш 20.1 ам.доллараас 6.42 ам.доллараар буюу 31.89%-иар нэмэгдэж 26.5 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш 2018 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.
“Рио Тинто” групп “Туркойс Хилл’’-ийн 49%-ийг худалдан авах санал тавив
“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49%-д ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ. Хэрэв “Туркойс Хилл Ресурс” компанийн бусад хувьцаа эзэмшигчид энэхүү саналыг хүлээж аваагүй тохиолдолд Оюутолгой төслийн одоогийн хувь эзэмшлийн бүтэц хэвээр хадгалагдана.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаа орхив
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон байна. Тэрбээр сүүлийн таван жил хагасын турш компанийн удирдах албыг амжилттай хашиж ирсэн бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн байна. Тэрээр цаашид Австралид шинэ албан тушаалд томилогдон ажиллах юм байна. “Оюутолгой”-н шинэ Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондерыг ТУЗ-өөс Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж ажиллуулахаар болжээ.
Петроматад оны дундуур газрын тосны олборлолтоо эхлүүлнэ
Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ.
“Энержи Ресурс” өнгөрсөн онд 1.2 сая тонн нүүрс борлуулжээ
Өмнөговь аймгийн Ухаахудагийн нүүрсний уурхайд олборлолт явуулж буй "Mongolian Mining Corporation" буюу "Энержи Ресурс" 2021 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлтээ танилцуулсан байна. Өмнөх онд компани нийтдээ 4.3 сая тонн нүүрс уурхайгаас олборлож, үүнээс 3.7 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрт боловсруулжээ. Компани нийт 1.8 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэсэн бөгөөд 1.2 сая тонн коксжих нүүрс борлуулсан үр дүнтэйгээр ажиллажээ.